УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор томсгосон 13 бүст явагдаж байгаа юм.
ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлэхдээ, сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулна гэж суулгаж өгсөн. Тиймээс намууд жагсаалтад 48 хүний нэрийг бичиж, тойрогт 78 хүн сойж байна. Сонгуульд 19 нам, хоёр эвсэл өрсөлдөж байгаагаас гол тулаан МАН, АН, ХҮН, Үндэсний эвслийн дунд өрнөж буй.
Т.Доржханд хоёр дахь удаагаа нам тэргүүлэн сонгуульд орж буй бол бусад нь анх удаа багаа аваад өрсөлдөөнд орсон. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, хотын дарга Х.Нямбаатар хоёр бүх чадлаараа дэмжлэг үзүүлж буй бол АН-ынхан амь, амиа хичээгээд Л.Гантөмөр нь ганцаараа бүхнийг нуруун дээрээ үүрч байна.
ХҮН намын дарга Т.Доржханд М.Энхсайхан гэх стратегичээр зөвлүүлсэн нь түүнийг илүү дутуу асуудалд арагшаа санаа зовохгүй зөвхөн намын бодлого танилцуулахад багагүй нэмэр тус болж байгаа биз. Харин Н.Номтойбаярын хувьд мөн л ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулж, бусад нам, эвслүүдийн шүдний өвчин болчихсон нь үнэн.
Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-ны Баасан гаригт болно. УИХ дахь үнэмлэхүй олон Баасан гаригт сонгуулийн саналт хураалт товлосныг зарим нам эсвлүүд залуусын сонголтод нөлөөлөх гэсэн оролдлого гэж харж байгаа. Гэхдээ энэ удаагийн сонгуульд ахмадуудаас илүү залуучуудын оролцоо нэмэгдсэн нь түлхүү ажиглагдаж байна. Энэ нь нам, эвслүүд хөвөгч сонгогчид буюу 18-35 насныхны санал дээр илүү анхаарч, ажиллаж байна гэсэн үг.
Томсгосон тойрогт сонгууль болж буй тул нэр дэвшигчид гурван аймгаар чардайтлаа “давхиж” байна. Сурталчилгааны 17 хоногт амжиж тойргийнхоо сонгогчидтой уулзахад тойрогт өрсөлдөгч нарт амаргүй байгаа.
Харин жагсаалтынхны хувьд хаа нэг телевизийн мэтгэлцээнд орсныг эс тооцвол зарим нь гишүүний визээ “өвөртлөж” аваад усанд хаясан чулуу мэт алга болжээ. МАН, АН-ын жагсаалтын эхний 10 орсон хүмүүс ногоон гэрлээр гишүүн болно гэсэн үг. Гэтэл тэднээс томсгосон тойрогт очиж, журмын нөхөддөө хүч, дэмжлэг үзүүлж байгаа “лист”-нийхэн цөөхөн. АН-д ч тийм хүн алга, МАН-д ч бас алга. Намын дарга нар нь нэр дэвшигчээ дэмжээд хөдөөгүүр амсхийх завгүй явж байхад жагсаалтад орсондоо санаа амарсан байдалтай, зарим нэг нь тэнгэр харж хэвтэж байгаад УИХ-ын босгоор давах бололтой.
Жагсаалтад орсон хүмүүс бол намын бодлогоо танилцуулж явах ёстой хүмүүс. Нам нь Засгийн эрх авбал юу хийх вэ, ямар бодлого хэрэгжүүлэнх вэ, мөрийн хөтөлбөртөө юу, юу тусгасан бэ гэдгийг танилцуулаад явж байх хүмүүс өөрийгөө л рилл, постоор рекламдаад сууж байна.
Тиймээс улс төрийн намууд жагсаалтаар, жаргаж суугаад гишүүн болсон нөхдүүдийг аль болох Засгийн газарт оруулахгүй байх бодлого баримтлах, ачааны хүндийг үүрч, тойрогт өрсөлдсөн хүмүүстээ боломж олгох нь хаана, хаана шударга юм.
Б.БАТ