Парламентад суудалтай гурван намаас бүрдсэн Эвслийн засаг ирэх Даваа гаригт гэрээ байгуулж, бодлого, мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголоо УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйг Засгийн газрын хуралдааны дараа Н.Учрал сайд олон нийтэд мэдээлэв. Тэрбээр төрийн албаны зохион байгуулалтыг шинэчлэхээр олон улсын зөвлөхүүдэд санал яамдын ТНБД-аар томилно” гэсэн мэдээлэл оргүй хоосон цуурхал биш гэдгийг батлав. Энэхүү тохиролцооны хүрээнд 126 гишүүнтэй шинэ парламентаас дахин 20 хүн давхар дээл нөмрөх бололтой.
Парламент нь төлөөллийн дээд байгууллага болохоос төрийн байгууллага биш. Хууль тогтоож, гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих үүрэгтэй байгууллага. Атал бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх нэрээр улстөрчдийн “угжны компани” болгож болохгүй. Нэртэйгээр нь 126 яам байгуулаад нэр 126 сайдтай болчихвол яасан юм бэ.
Төрийн албыг улс төрөөс ангид, тогвортой байлгахаа Ардчилсан нам болон ХҮН намаас өнгөрсөн сонгуулиар ард түмэндээ амлаж байсан. Тэрхүү амлалтуудыг нь энд эргэн сануулъя.
АН: Төрийн албан хаагчдыг нам дагасан томилгооноос салгана. Мэргэшсэн нийтийн алба, иргэний оролцоот үнэлгээ, хариуцлагын тогтолцоо бүхий нийтийн үйлчилгээг бэхжүүлж, салбарын мэргэшсэн ажилтнуудыг улс төрөөс ангид, тогтвортой ажиллах эрх зүйн баталгааг бүрдүүлнэ. Төрийн албаны удирдах албан тушаалтны тоог бууруулж, дарга нарын тансаглалыг таслан зогсооно. Төрийн албаны мерит зарчмыг хадгална.
ХҮН: Төрийн албыг улс төрийн нам, улстөрчдийн нөлөөлөл, дарамтаас ангижруулан, бүтэц, зохион байгуулалтын хувьд оновчтой болгож, орон тоог боломжит доод хэмжээнд хүртэл бууруулан бүтээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд яамдын тоог арваас хэтрүүлэхгүй байх бодлогыг баримталж, агентлагуудын тоог өнөөгийнхөөс гурав дахин цөөлөн, чиг үүргийг яамдад хариуцуулах замаар төсвийн хэмнэлтийг бий болгож, цомхон төрийн зарчмыг хэрэгжүүлнэ.
Төрийн жинхэнэ албан хаагчаар зөвхөн шилдэг, чадварлаг, ёс зүйтэй, төрд итгэмжлэгдсэн, хууль ёсонд үнэнч мэргэжилтэн ажилладаг байх, тэдгээрийг сонгон шалгаруулах, мэргэшүүлэх, хөгжүүлэх, үнэлэх, хариуцлага хүлээлгэх мэргэжлийн байгууллагын бие даасан байдал, чадавхыг дээшлүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч нь чадахуйн болон шатлан дэвших зарчмын дагуу ажиллах боловч төрийн албыг чадавхжуулж, хөдөлмөрийн зах зээл дээрээс шилдэг мэргэжилтнүүдийг татан оролцуулах боломжийг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар төрийн албаны зохих түвшинд орж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Гэвчиг, цагаан дээр хараар бичсэн мөрийн хөтөлбөрөө АН, ХҮН хоёр аль хэдийнэ мартжээ. Албан тушаал олдож байвал тэдний хувьд “аштай юу” болсон байлгүй.
Ердөө сарын өмнө нь эрх баригчидтай эвсэх нь гэж Л.Гантөмөрөөсөө “ял” асууж суусан Ардчилсан намынхан албан тушаалын анкет бариад намын даргаа сахиж суух болсон. Дэд сайд, ТНБД болох хүсэлт өгсөн 250 хүн байна гэдэг нь найман жил гудамжинд явсан АН-ынхан аргагүй л их өлсөж дээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Харин ХҮН намынхан өөрсдөө “хүн шиг амьдрах”-ын төлөө эрх баригчдын саналыг хүлээж авсан. Т.Доржхандад “Албан тушаал эрх мэдэл чухал биш” байсан бол МАН-ын засагт Шадар сайд болохгүй нь лавтай. “Эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг бодсондоо….” гэдэг нь “энтертаймент”.
Уг нь эрх баригчдыг хяналттай хариуцлагатай ханд гэж иргэд тэднээс хүссэн, итгэж саналаа өгсөн. Атал АН, ХҮН хоёр Ардын намын өвөрт гүйгээд орчихлоо. Эцэст нь сөрөг хүчингүй, эвслийн Засгийн газарт тавих хяналт эргээд ард түмэнд тохогдож байна.
Хамтарсан Засгийн газрын гэрээнд аль, аль тал гэнэтийн шийдвэр гаргахгүй байх асуудлыг тусгана гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлсэн. Энэ нь МАН-ын эсрэг үг-үйлдэл гаргахгүй гэсэн баталгааг АН, ХҮН хоёроос авна гэсэн үг. Тэгэхээр засгийн дотроос эрх баригчдыг хянах Л.Гантөмөрийн “зорилт” ингээд талаар болж байх шиг. Гуйж орчихоод хаяж гардаг, урьж авчраад хөөж гаргадаг АН-ынхаа араншинг МАН урьдчилан таамаглахтайгаа байлгүй.
Албан тушаалаар “өлсөж” яваа АН, ХҮН намынханд сануулахад “Гэнэт цадах гэдсэнд цөвтэй” л гэдэг. Өнгөрсөн найман жил бараг өлбөрч үхэх шахаж дээ гэхээс өөрөөр зөвтгөх үндэс үнэндээ алга даа.
Б.БАТ