Үүрдийн эрх ашиг!

  • Эх сурвалж: news.mn
  • 2024-08-20

Парламентын засаглалд шилжсэн 33 жилийн хугацаанд гурван хүн л Монголын Ерөнхий сайдын суудалд улиран суусан. Эхнийх нь С.Баяр.  2007 онд М.Энхболдыг огцруулж Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон тэрбээр 2008 оны сонгуулийн дараа улиран томилогдсон ч жилийн дараа өвчний улмаас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Хоёрдахь нь У.Хүрэлсүх. 2017 онд М.Энхболдоос намын, Ж.Эрдэнэбатаас засгийн тамга авч, Ерөнхий сайдаар томилогдон, 2020 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулснаар албан тушаалдаа үлдсэн хэдий ч 2021 онд мөн өөрийн хүсэлтээр огцорсон. Ерөнхий сайдын албан тушаалыг нутгийн ахаасаа “өвлөн” авсан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хоёр дахь удаагаа томилогдож, С.Баярын жишгээр хамтарсан Засгийн газар байгуулаад сар гаруй болж байна.

Тэрбээр хамтарсан засаг байгуулахаар болсон шалтгаанаа гадаад талаасаа дэлхийн геополитикт хурцадмал байдал үүссэн, дотоод талдаа эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх шаардлага бий болсонтой холбож буй. Мэдээж, энэ тайлбар зуун хувь худал бас зуун хувь үнэн биш. Улс орноо бодсон ч байх, хувь хүний улс төрөө тооцсон ч биз.

Л.Оюун-Эрдэнийн засагт ямба эдлэх болсон Л.Гантөмөр, Т.Доржханд нар ялыг нь ч хамтдаа үүрэлцэнэ.

Аливаа зүйлд сайн, муу тал хоёулаа бий. Хамтарсан засгийн сул тал нь төр хяналтгүй болох эрсдэлтэй. Сайн тал нь эцэс, төгсгөлгүй улстөржих нь бага. С.Баярын “стандарт бус” Засгийн газрын үеийн реформ өнөөдрийн эдийн засгийг авч яваа. Хэрэвзээ 2008 онд хамтарсан засаг байгуулаагүй бол Оюутолгойн гэрээг байгуулж чадахгүй байсан нь гарцаагүй үнэн. Оюутолгойн гэрээ байгуулаагүй бол Монголын эдийн засаг арав дахин тэлэхгүй нь гашуун үнэн.

Иймээс Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газар илүү их ажиллах шаардлагатай. Эдийн засгаа арав биш зуун дахин томруулах ёстой. Ямар ч байсан урт, удаан хугацаанд гацсан том төслүүдээ хөдөлгөх, эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа томруулах гээд олон асуудал хамтарсан засгийн өмнө “овоорсон” байна.

Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэж чадвал экспортын орлого хоёр дахин, тээвэрлэлтийн хүчин чадал гурав дахин нэмэгдэх гэнэ.

Өнгөрсөн онд Монгол Улс 70 сая тонн нүүрс экспортод гаргасаан гэхээр жилд 100 сая нүүрс экспортод гаргах боломж бий. Гол нь нүүрсний экспорт монголчуудын хүслээс хамаарахгүй, Хятадын бодлогоос шалтгаална. Хоёрт, Оросын “гар хөл”-үүд Төрийн ордонд ороод ирсэн, Л.Оюун-Эрдэнийн толгойны том өвчин болж мэднэ.

Ц.Даваасүрэнгийн олон жил гацаасан Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг ирэх дөрвөн жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулах аж. Ч.Сайханбилэгийн үед гэрээ байгуулж, М.Энхсайхан хариуцаж байсан төсөл. Аль хэдийнэ ашиглалтад орчих байсныг Ц.Даваасүрэн 2017 онд Эрчим хүчний сайд болонгуутаа зогсоочихсон байдаг. Оюутолгойн уурхай жид 110-120 сая гаруй ам.долларын цахилгаан хэрэглэдэг гэхээр өнгөрсөн хугацаанд чамгүй их мөнгө урагшаа урссан гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг амбиц бол эрчим хүчний хувьсгал. Шинэ сэргэлтийн зургаан бодлогодоо тусгасан Эрдэнбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлж,  баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь найдвартай, тасралтгүй хангана гэж амлаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол ОХУ, БНХАУ-аас жил бүр импортоор авч байгаа 17.5 тэрбум төгрөгийг хэмнэх аж.

Түүнчлэн Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц төслийг барихаар Засгийн газрын гэрээнд тусгажээ. Гэхдээ оросуудын зөвшөөрөл хэрэгтэй. 2015 онд Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар тохирчихсон төсөл оросуудын оролцоотойгоор зогссон байдаг. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Хэрлэн-Тооно, Орхон-Онги, Орхон-Онги усан цогцолборыг барих гээд багагүй жагсаалт гаргажээ.

Ирэх аравдугаар сард Монгол, Францын Засгийн газар хооронд ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаа салбарын сайдаас хоногт шинэ мэдээлэл дуулгасан. Зөөвч-Овоо уурхайд нийт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. Төсөл 50 жил үргэжилнэ. Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн эзэмших хувийг 10 хувийн давуу эрхтэйгээр үнэ төлбөргүй эзэмшинэ. Монгол Улсын Засгийн газар ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тохирсон. Түүнчлэн уг төслийн хүрээнд Монгол Улсад жилдээ 5.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлнэ гэж тооцжээ.

Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр чуулганы хуралдаан дээр ам өчиг өгнө лээ. Гээд Л.Гантөмөрийн амлах нэг хэрэг. Амлалтаа биелүүлэхгүй аваас Ардчилсан нам алдааг нь үүрнэ.

Үндсэндээ улс төрийн намууд  засагт хамтарч эдийн засгаа хөгжүүлж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадвал, энэ нь Монголын “үүрдийн эрх ашиг” юм.

Ж.ЭРХЭС