УИХ өчигдөр /2025.06.17/ сайд нарын томилгоог хэлэлцэж, Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан. Тэгвэл хамтарсан Засгийн газартай хамт унасан сайд нар огцорсныхоо дараа юу гэж хэлж байсныг эргэн сануулъя.
МАН-ЫН САЙД НАР ДАРААХ ТАЙЛБАРЫГ ХЭЛЖЭЭ
Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин:
-Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын Үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.
Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан. Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана.
Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан:
-Дараагийн Засгийн газарт ажиллах эсэхээс үл хамааран УИХ-ын гишүүний хувиар нийгмийн хамгааллын хуулиудыг өргөн барина.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажилласан. Ард иргэд л дүнгээ тавина. Би албан тушаалд шунаад баядаг хүн биш
АН ДАХИЖ ХАМТРАХГҮЙГЭЭ МЭДЭГДСЭН
АН-ын тухайд дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчхаад, зомби амилуулж байгаа юм шиг сүр сүлд нь хаясан юм гэж юу байх вэ дээ. АН-ын найман сайд өөрсдөө хүсэлтээ өгөөд, Засгийн газраас гарах асуудлыг ярьсан гэж байв. АН-аас хамтарсан Засгийн газарт дараах сайд ажиллаж байв.