Өнөөдөр /2024.12.12/ УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталсны дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газрын гишүүдийн УИХ-д худлаа ярьж буй асуудлыг хөндөж үг хэлэв.
Учир нь өчигдрийн /2024.12.11/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Сайдын төсвөөс хасах дээр хуулийн алдаатай гурван санал байна. Тухайлбал Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон манай яамны төсвөөс “хөрөнгө оруулалт, их засвар” гэсэн төсвийг танах гэж байна. Энэ боломжгүй. Учир нь манай хоёр яаманд ийм зардал байхгүй. Сангийн яам энэ жил засвар хийхгүй. Эдийн засаг, хөгжлийн яам бүр яамгүй. Түрээсийн байранд байдаг. Тэгэхээр энэ байхгүй төсвийг ярьсан байна. Энэ нэг хүн хоёр том сайдад ийм зардал байж л таараа. Тэрнээс нь хас гэж гурван гишүүн тавьсан бололтой” хэмээсэн.
Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр чимээгүй суусаар асуудлыг өнгөрүүлсэн.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газрын гишүүд УИХ-д орж ирээд худлаа ярьдаг болсон байна. Б.Жавхлангийн байхгүй гээд байсан төсөв бидэнд тараасан төсвийн материал дээр байна. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яамны төсөв дээр “хөрөнгө оруулалт, их засвар” гэсэн мөр байна” гэв. Түүний энэ үгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дэмжиж, ийм асуудал байгааг тодотголоо.
Тэгэхээр Сангийн сайд Б.Жавхлан төсөв хэлэлцэж байх үед сайдын төсвөө хамгаалхын тулд манай яамнаас хасуулах энэ төсөв чинь “байхгүй” хэмээн илт худал ярьсан болж таарав. Харин ингэхдээ Эдийн засаг, хөгжлийн сайдыг хүртэл хамруулж, өмгөөлсөн нь анхаарал татаж байна.