“NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг танилцуулж байна.
МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшигч дунд экспертүүд багтсаны нэг нь “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулагч, докторант Ж.Галбадрах юм. Жагсаалтын 13-т эрэмбэлэгдэн, УИХ-ын гишүүнээр сонгогдоход “Парламентад байх ёстой, зөв хүн гарлаа” гэж дэмжсэн нь олон. Амьдралынхаа 40 шахам жилийг боловсролын салбарт зориулахдаа япон боловсролыг Монгол хөрсөнд нутагшуулж, салбар болгонд манлайлагчийг төрүүлж, чадсан гавьяатай. Эцэг, эх бүр өнөөдөр “Шинэ Монгол” сургуульд хүүхдээ сургахыг хүсдэг нь чанартай боловсрол олгох хүсэл эрмэлзэлтэй холбоотой юм.
Өнгөрсөн жил УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн үндэслэлээр огцрохыг шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатарт бичиг хүргүүлэхэд өмөөрч зогссон ганц хүн нь Ж.Галбадрах гишүүн юм.
“Шинэ Монгол” сургуульд хэрэгжиж байсан сайн туршлагыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, олон сургууль хэрэгжүүлэх санал тавьснаар төсөл болгож, хэрэгжүүлсэн. Уг төсөл нь 2022 онд хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Намайг нэг сургуулиас 10 сая төгрөгийн зардал авч, 120 сургуульд 1.2 тэрбум төгрөгөөр төсөл хэрэгжүүлж, улсын мөнгө идлээ гэж шуугицгааж байна. Бохир улстөрчид хүнийг цөхөрч, шантартал, зохион байгуулалттай гүтгэж дайрдаг юм байна. Би Японд сурсан хүн. Японы хөгжлийн нууц боловсролдоо байдгийг мэдэж авч Монголынхоо боловсролыг тийм болгож, Монголоо хөгжүүлэх мөрөөдлөөр анх сургууль байгуулж энэ бүхнийг хийж ирсэн. Японы боловсролын хамгийн гол онцлог бол “зөв хандлагатай, ёс зүйтэй иргэд” гаргадаг. Шинэ монгол нэртэй манай сургуулиудыг хүмүүс өрсөлдөн сонгодгийн учир нь бид сурагчдаа зөв сайн хүүхэд болгон төгсгөж чадаж байгаа учраас тэр. Би 20 гаруй жил сургуулиудаа удирдахдаа чамгүй туршлага хуримтлуулжээ. Япон боловсролыг Монголд өвөрмөц байдлаар нутагшуулж чадсан гэж хэлж болно. Би өөрийн бүтээсэн тэр мэдлэг туршлага, оюуны өмч, патентаа үнэ төлбөргүй нээлттэйгээр төрийн өмчийн сургуулиудад өгье гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын нийтийн боловсролын хөгжилд оруулж чадах миний хувь нэмэр бол энэ. Үүний төлөө бүх зүйлээ зориулах болно. Ер нь сургуулийн менежмент сайжрахаар юу өөрчлөгддөг вэ? Шинэ Монголын менежмент бусдаас юугаараа давуу вэ? зэргийг товчхон тайлбарлая. Сургууль бол салангид бүтэцтэй байгууллага. Багш болгон нь тус тусдаа хичээл заадаг. Хоорондоо хамааралгүй. Шат шатандаа хариуцлага тооцогддоггүй. Зөвхөн хувь хүний ур чадвар дээр тулгуурладаг. Үнэхээр сайн багштай учирвал аз, саар багштай учирвал хохь болдог. Ийм учраас багшийн чадварыг сайжруулахгүй бол сургууль үр дүнтэй байж чадахгүй. Сургууль бол зөвхөн хичээл зааж, хүүхдийг мэдлэгээр дүүргэдэг газар биш байх ёстой. Хичээлээс гадуурх ажлыг маш сайн зохион байгуулж, хүүхдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох амьдрах ухааны хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Сургуульд эерэг соёл бүрдүүлбэл сурагчдын сахилга хариуцлага сайжирна. Эцэг эхтэйгээ нээлттэй хамтарч ажиллах, төгсөгчидтэйгээ эргэх холбоо сайтай байх зэрэг нь бүгд л сургуулийн менежментийн шийдэх асуудал юм. Өөрөөр хэлбэл, менежментэд бүх зүйл зангилагддаг. Ийм учраас л сургуулиуд менежментээ сайжруулах шаардлагатай. Энэ бүгдийг хэрхэн сургуульдаа нэвтрүүлэх вэ? гэдэг нь хэн дуртай хүн нь амархан хийчихдэг ажил бас биш. Тусгай жортой, аргачлалтай.
Сайн сургуулийг, үр дүнтэй сургуулийг хэрхэн бий болгох вэ? гэдгийг энэ олон жилийн туршлагаараа миний бие сайн мэднэ. Ийм учраас өөрөө гардаж боловсруулсан Шинэ Монголынхоо энэ жорыг төрийн сургуульд оюуны өмчийн төлбөргүй, үнэ төлбөргүй өгье гээд байгаа юм.
Одоогоор 188 сургуульд хамтран ажиллаж, нэвтрүүлэхийг зорьсон. Эхнээсээ сайн үр дүнгүүд гараад өөрчлөгдөөд эхэлсэн. Эцэст нь ийм төслийг яагаад хийж болохгүй гэж? Монголын хөгжилд энэ хэрэггүй гэж үү? Намайг үүнийг эхлүүлсний төлөө УИХ-ын гишүүнээс эргүүлэн татуулах компанит ажил эхлүүлснээ зарим гишүүд зарлав. Намайг төслөө сонгох уу? Гишүүнээ сонгох уу? гэвэл би төслөө сонгоно” гэж мэдэгдэж байв. Түүнд Монголынхоо төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийгн сургалтын чанарыг “Шинэ Монгол” сургууль шиг болгох хүсэл мөрөөдөл бий.
Тэрбээр “Монгол хүний боловсролын чанар дээшилж байж, Монгол Улс хөгжинө” гэж үздэг. Энэ асуудлаар дуу хоолойгоо ч идэвхтэй илэрхийлдэг, судалгаа ч хийдэг гэж хэлж болно. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахалж ажиллаад нэг ангид 40-70 хүүхэд сурах тохиолдол байна. Нэг ангид дээд тал нь 30 хүүхэд л суралцах ёстой. Түүнээс давбал сурагчийн сурах орчныг муутгах, багшийн ачааллыг нэмэгдүүлэх хамгийн том шалтгаан. Улсын хэмжээнд 108 шинэ сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай. Үүнээс 84 нь нийслэлд, 24 нь орон нутагт баригдах хэрэгцээ шаардлага байна” гэдэг тооцоо судалгааг нарийн гаргасан юм.
Улс төрд хөл тавина чинээ санаагүй явсан түүнд 2024 оны тавдугаар сард намын жагсаалтаар нэр дэвших санал ирсэн. Эхлээд “Боломжгүй” гэдэг хариулт өгсөн.
Гэтэл “Тань шиг хүн хэрэгтэй байна” гэж олон хоног хоргоосны эцэст шийдвэрээ өөрчилсөнөөр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн байдаг.
Физикийн багш мэргэжилтэй тэрбээр англи хэлнийхээ хүчээр Японы Тохокүгийн их сургуульд зургаан сар хэлний бэлтгэл хийх эрх авсан бол үргэлжлүүлэн Ямагатагийн их сургуулийн боловсролын сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Өндөр хөгжилтэй оронд нэг жил болоод буцах нь харамсалтай санагдсан тул үргэлжлүүлэн магистрт сурахаар болж, зориглосон нь ирээдүйд “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулах их зорилгод хөтөлсөн нь бий.
Японд суралцаж байхдаа өглөөний 05.00 цагт сонин тараах ажил хийчихээд хичээлдээ явж, орой нь ачаа ачиж, шөнө нь бааранд зөөгч хийж гэртээ 01.00 цагт харьдаг байж. Ажил хийж байсны хүчээр хүүхдүүдээ мөн Японы дунд сургуульд сургаж эхэлсэн. Харин “Ротари” сангийнхан сургалтынх нь төлбөрийг даадаг болсноор сая нэг сэхээ авахтайгаа болж, мөн санхүүгийн асуудлыг нь шийдсэн сангийнхандаа “Миний мөрөөдөл бол Монголдоо очоод сургууль байгуулах. Та бүхэн хараарай. Та бүхний ачийг ингэж л хариулъя” гэдэг амлалт өгснөөр япон школьтой сургууль байгуулсан түүхтэй. Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үүсгэн байгуулагч нь мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах юм.
Тэрбээр 2017 онд Япон улсын Цог жавхлант Эзэн хааны эрхэм дээд шагнал болох “Мандах нар” одонг гардаж байв.
Монгол Улсад Япон хэв маягийн боловсролыг түгээх дэлгэрүүлэх, хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяаг үнэлэн дээрх шагналыг олгожээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 360 сая төгрөг, 1.5 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, 165 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, хадгаламжиндаа 51 сая төгрөгтэй, 1.9 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
ШАГНАЛ
ГАДААД ХЭЛ
Г.ХОРОЛ