Зоос банкны хувьцаа эзэмшигчид хохирлоо барагдуулах хүсэлт гаргав

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.03.31/ хуралдаанд  УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн, татан буугдсан “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны мэдээлэл сонсов.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар “Зоос банк” ХК-ийг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон боловч өнөөдрийг хүртэл татан буулгах ажиллагаа дуусаагүй. Засгийн газраас гаргасан бонд бүрэн төлөгдөөгүй хэрнээ банкны эрх хүлээн авагчийн зөвлөл, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал, цалин, урамшууллыг тус банкны хөрөнгөөс гаргасаар байгаа. О.Чулуунбатаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны аравдугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтдээ, “Зоос” банкны олон зуун монгол болон гадаад хувьцаа эзэмшигч хохирох ёсгүй байв гэж бичсэн талаар, 2023 онд Үндэсний аудитын газраас дүгнэлт хийсэн хэдий ч Сангийн яам, Монголбанк “Зоос банк” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ямар ч арга хэмжээ аваагүй хэмээв. Иймд “Зоос банк” ХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагаа нь улсын банк, санхүүгийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллийг тогтоож, арилжааны банкны жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалахын тулд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулан ажиллах саналыг Ц.Баатархүү гишүүн гаргалаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Банкны бүтцийн өөрчлөлтийн хэлтсээс танилцуулга мэдээлэл хийлээ. Тухайлбал, “Зоос” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан, төлбөрийн чадваргүй болсноор хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрсэн тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 650 дугаартай тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг нэг жил хүртэл хугацаатай томилсон.

Пассив нь активаасаа 8.3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн банкийг албадан татан буулгасан.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Улсын Их Хурлаас 2008 онд Банкан дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталж, УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Зоос” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад зориулан 100 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт олгосон байдаг. Засгийн газрын 2009 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 378 дугаар тогтоолын дагуу 95.1 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж “Зоос” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд олгожээ. Нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт эзлэх “Олон овоот гоулд” ХХК-аас төлөх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 79.9 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 87.5 хувийг эзэлж байна. Дээрх дурдсанчлан банкны эрх хүлээн авагчийн шаардах эрхийн 87.5 хувь буюу 79.9 тэрбум төгрөг нь “Олон овоот гоулд” ХХК-д хамаарч байгаа гэж Монголбанкны төлөөлөл танилцууллаа.

Мөн бүртгэлтэй 32 зээлдэгчийн нийт 61.5 тэрбум төгрөгийн зээл тэнцэлд бүртгэлтэй байгаагаас 11 зээлдэгчийн 85.6 сая төгрөгийн зээл эрэн сурвалжлах захирамжтай боловч цаашид ажиллагаа хийх боломжгүй, үлдэх 21 зээлдэгчийн 61.5 тэрбум төгрөгийн зээл, авлага шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжсэн боловч олон жил төлөгдөөгүй, зогсонги байдалд орсон.

Өөрөөр хэлбэл, банкны эрх хүлээн авагч хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг авсан, цаашид ажиллагаа явагдах боломжгүй актив үлдээд байгаа. “Зоос” банкны банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш нийт 41.1 тэрбум төгрөгийн үнэт цаасны өр төлбөрийг барагдуулсан. Одоо 54.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн төв банкны төлөөлөл мэдээлэв.

Монголбанкны төлөөллөөс хийсэн танилцуулгын араас иргэн Б.Цэрэнжав өөрт үүссэн бэрхшээл, асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр олон жилийн нүүр үзэж байгаа. Төв банканд шалгалт хийлгэхэд банк татан буулгасантай холбоотой баримт бичгүүдийг нууцын зэрэглэлд оруулсан байсан тул шалгах боломж олдоогүй.

Өнөөг хүртэл нууцаас гаргаагүй хэвээр үлдээсэн нь, 100 хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн зэргээс дүгнэхэд, төр засгийн удирдлагууд хуйвалдаж, банк байгуулан мөнгө төгрөгийг хувьдаа завшсан байх магадлалтай хэмээн хардахад хүрсэн тухайгаа өгүүлсэн юм.

Түүнчлэн “Зоос” банкны хувьцаа эзэмшигч 625 иргэний 120 гаруй нь гадаадын иргэн байдаг. Олон жилийн хугацааны туршид бид харилцаа холбоотой явж ирсэн. Иргэн бидний хохирлыг барагдуулахыг шийдвэрлэж өгвөл зөвхөн хувь хүмүүст төдийгүй манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэмэртэй, итгэлцэл үүснэ хэмээн үзэж байгаагаа иргэн Б.Цэрэнжав илэрхийлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын их Хурлын гишүүн Л.Соронзонболд асууж, үг хэлэхдээ, төв банканд хугацаатай үүрэг, даалгавар өгөх  нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү дэмжиж, Монголбанк 18 жилийн турш шийдвэрлэнэ, хянаж байгаа гэсэн хариуг иргэдэд өгсөн ч байдал дээрдээгүйд харамсаж байна гэв.

Ийнхүү хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн саналаар Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллах эсэх асуудлаар санал хураахад, 18.2 хувийн санал авч, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал гүйцсэн тул хуралдаан өндөрлөв гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.