УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Тамга хулгайлсан хэрэгт холбогдов

  • 2024-12-17

Хангайн бүсийн I тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймгийн АН-ын даргын тамгыг өрөөнөөс нь зөвшөөрөлгүй бусдаар авахуулж, хулгайлсан гэх асуудалд холбогдсон байна.  Энэ талаар Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, Суварга хайрханы тахилга энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болсон бөгөөд тус тахилгад оролцохоор УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Архангай аймагтаа очжээ.

Энэ талаар Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд “УИХ-ын гишүүн П.Мөнхтулга энэ сарын 15-ны өдөр Архангай аймагт ирж, намын байраар очсон. Энэ үед аймгийн АН-ын дарга М.Гүрсүрэн эзгүй байж таарсан ч гишүүн “Намын байраар ороод гаръя” гэх нэрийдлээр түлхүүрийг нь аймгийн намын хорооны гишүүн Х гэгчээр дамжуулан авсан. Улмаар намын дарга М.Гүрсүрэнгийн тамгыг авахуулсан.  

Улмаар энэ сарын 21-ний өдөр Архангай аймгийн АН-ын хорооны хурлыг Улаанбаатар хотод хууль бусаар хуралдуулсан байна. Хууль бус гэдэг нь хэдэн зүйлээр нотлогдож байгаа.

Нэгдүгээрт,  аймгийн намын хорооны хурлыг зарлах эрхтэй субьект УИХ-ын гишүүн биш бөгөөд зөвхөн намын дарга, эсвэл намын хорооны тэргүүлэгчид байдаг.

Хоёрдугаарт, намын хорооны гишүүдийг хууран мэхлэх замаар буюу “Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрийг барин талархлын хүлээн авалт хийх утгатай урилга илгээж, Улаанбаатарт ирүүлсэн ч уг чанартаа намын хорооны хурлыг хийсэн нэр зүүж, тэдний гарын үсгийг авах санаа агуулсан байна.

Гуравдугаарт, дүрэм, журмаараа бол аль ч бүс нутгийн намын хорооны хурал тухайн орон нутагтаа хийгдэх ёстой атал Улаанбаатарт хийхээр завдсан уг үйлдэл нь хууль бус юм” гэв.

Архангай аймгийн АН-ын хорооны гишүүд хуулийн байгууллагад хандана гэсэн юм.