УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт нэр холбогддог, тэр дундаа БНХАУ-ын иргэнтэй хамтарч Тавантолгойн орд газарт нүүрс угаах үйлдвэр барьсан гэх асуудал бүтэн хоёр жилийн хугацаанд маргаан дагууллаа. “Адменирал” гэх компанитай нэр холбогдсон тэрбээр, өнгөрсөн хугацаанд “Би Админералтай компанитай ямарч холбоогүй” гэсээр сонгуульд орж, улмаар УИХ-ын даргын албан тушаалд суусан. Харин түүний найз, өнгөрсөн хугацаанд Ардын нам дээр багагүй ойр хугацаанд ажиллаж буй МАН-ын хэвлэлийн албаны дарга Ц.Чулуунзагдын нэр “Админерал”-тай холбогдож өнөөдрийг хүрэв. Учир нь “Админерал” гэх компанийн гүйцэтгэх захирал Ц.Ламжав нь Ц.Чулуунзагдын төрсөн ах билээ.
Тэгвэл энэ удаад бид УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Тавантолгойн бүлэг ордуудын нэг болох Бортээгийн ордын яг хажууд баригдсан нүүрс угаах үйлдвэрийг барьсан БНХАУ-ын иргэний оролцоотой “Админерал” ХХК-тай шууд хамааралтай байж болохуйц гэдгийг нотлох зарим баримтуудыг хүргэж байна. Энэ нүүрс угаах үйлдвэр бол зөвхөн нүүрс угаах үйлдвэр биш гэдгийг нүүрсний сонсголын үеэр хангалттай баримт материалаар гаргаж ирсэн байдаг. Тодруулбал, Бортээгийн орд бол Тавантолгойн бүлэг ордуудын дунд байрлах нүүрс олборлох боломж, нөөцөөрөө "Ухаа худаг"-ийн дараа орох хоёр дахь том орд юм. Өнөөдрийн байдлаар нийт тогтоогдсон нөөц нь 400 ИХ НАЯД төгрөгийн нүүрс гаргах боломжтой гэдэг. Өөрөөр хэлбэл, 400 их наяд төгрөгийн нүүрсийг худалдах, борлуулах, үнэ тогтоох монопол эрхийг угаах үйлдвэр нэрийн дор ганцхан компанид өгсөнд л хамгийн том хулгай оршиж буй гэдгийг нүүрсний сонсголын үеэр хангалттай олон нийтэд мэдээлсэн билээ.
НЭГ, Д.Амарбаясгалангийн төрсөн ах Д.Амгаланбаатарын хүү А.Эрхэмбаярын үүсгэн байгуулсан
“Дижитал Пи Ар” компани...
Энэхүү баримтын учиг холбоог хөөж олоход өнгөрсөн сард ил болсон “Шинэ хоршоо”-ны хэвлэлүүдтэй хийсэн 1.7 тэрбумын төгрөгийн гэрээний дуулианы үеэр ил гарсан баримтуудаас улбаалж, хөөж олсон гэдгийг дурдах нь зүйтэй.
Д.Амарбаясгалан болон Ц.Чулуунзагд нар “Админерал” гэх компанийг мэдэхгүй, оролцоогүй гэх тайлбарыг олонтаа өгдөг. Ялангуяа УИХ-ын дарга өөрийгөө энэ компанитай ямарч холбоогүй гэх тайлбарыг өгсөөр өдийг хүрсэн. Тэгвэл түүний ахын хүүхэд болох Дашзэвгийн Амгаланбаатарын хүү Амгаланбаатарын Эрхэмбаяраас эхлээд хамаарал бүхий этгээдүүд нь “Админерал” компанийн хувьцаа эзэмшигч Хасануртын Хасбатартай харилцаа хамааралтай байжээ.
Тодруулбал, Д.Амарбаясгалан даргын төрсөн ахын хүүхэд болох Амгаланбаатарын Эрхэмбаяр нь 2017 оны 11 сард “Дижитал Пи Ар” гэх компанийг Эрдэнэтогтохын Амаржаргалтай хамт үүсгэн байгуулсан байдаг. Энэ Э.Амаржаргал нь Ц.Чулуунзагдын үүсгэн байгуулсан “Бууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгийг өнгөрсөн нүүрсний сонсголын үеэр шинжээч ил болгож байсныг сануулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, “Дижитал Пи Ар” гэх 2017 онд үүсгэн байгуулагдсан энэ компанитай УИХ-ын дарга болон МАН-ын хэвлэлийн албаны дарга байсан Ц.Чулуунзагд нар хоёулаа хамааралтай болох нь эндээс харагдаж байгаа юм.