Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформын үндэсний хорооноос өнөөдөр /2024.12.10/-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Т.Доржханд энэ үеэр хэлэхдээ, УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал үүсээд байна. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газар багуулагдаад 34 жилийн хугацаанд шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдэж, бодит төслүүдээ урагшлуулж, эдийн засгийн реформ хийхийг зорьж байна. Эдийн засгийн реформын хамгийн чухал суурь нь эрчим хүчний реформ юм. Эрчим хүч байхгүй бол эдийн засаг хөгжихгүй. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Харамсалтай нь, эрчим хүчний шилжилт хийгдээгүй 34 жил явсны үр дүнд эдийн засгийн өсөлт гацчихаад байгаа нь бодит үнэн юм. Эрчим хүчний реформ амжилттай үргэлжиж байна. Иргэд эрчим хүчээ экспортолж чадах эсэх дээр эргэлзэж байсан. Эхний ээлжинд өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг дотооддоо хангах нь чухал гэдэг байр суурь илэрхийлж байна. Баяртай мэдээ дуулгахад Монгол Улс эрчим хүчээ экспортлох ажил эхлээд явж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын Саудын араб болон Эмират улсуудад хийсэн айлчлал амжилттай болсон. Эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог улс орнуудаас Монголд хөрөнгө оруулах санал гаргаж, энэ талаар харилцан санал солилцсон. Тийм учраас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээр, манай улсаас эрчим хүч худалдан авах улс орнууд нь БНХАУ болон Зүүн өмнөд азийн улс орнууд байх юм.
Тиймээс БНХАУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээр хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад явъя. Тэгээд гэрээнийхээ асуудал руу хамтдаа орох асуудлаар ажил хурдтай явж байна. Бид өөрсдийгөө зөвхөн эрчим хүчээр хангадаг бус цаашдаа эрчим хүчээ экспортлох энэ ажил бодитой ажил хэрэг болоод явж байна гэсэн үг.
Ердөө дөрвөн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Засгийн газартай маш сайн яриа хэлэлцээр хийсэн. БНХАУ-аас эрчим хүч худалдан авч болж байна, худалдаж ч болж байна. Энэ яриа хэлцлээ хамтдаа хийе гэдэг сайн ойлголцолд хүрсэн. Үүний үр дүнд 1960 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хөдлөөд, шийдэгдээд явж байна. Томоохон төслүүд хэрэгжих суурь нөхцөл хангагдлаа. Хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож байна. Яагаад гэхээр Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн, улс төр, эдийн засгийн орчин чинь тогтвортой байгаа учраас хөрөнгө оруулахад бэлэн байна. Гагцхүү олон улсын стандартын дагуу хамтын ажиллагаагаа явуулъя гэж байна.
Монголыг 2012 оны үед сонирхож байсан гадны хөрөнгө оруулагчид, эдийн засгийн нөхцөл байдал эргэж ирсэн нь тов тодорхой байна. Үүнийг ашиглаж Монгол Улс эрчим хүчний салбараас орлого олдог, уул уурхайн салбартай өрсөлдөхүйц салбарыг бий болгоно гэсэн итгэл үнэмшилтэй ажиллаж байна. Үүнийхээ ард гарна. Энэ хугацаанд тодорхой түвшинд хэвлэлийн зардал тавьсан байна гэх мэдээлэл гарсан байна. Цаашлаад эрчим хүчний шилжилт хийж байгаа реформын үндэсний хороог татан буулгах буруу, зөрүү ойлголт явж байна.
Эрчим хүчний реформын Үндэсний хорооны ажлын албаны дарга н.Жамбаа: Ирэх онд хэвлэл мэдээллийн зардалд 8 тэрбум төгрөг зарцуулах талаар мэдээлэл гарсан. Сангийн яаманд зардлаа шинэчлэн хүргүүлж амжаагүйтэй холбоотойгоор 8 тэрбум төгрөг гэдэг алдаатай мэдээлэл гарсан. Энэ мөнгийг юунд зарцуулах талаар нарийн задаргааг танилцуулахад, эрчим хүчний тарифын шинэчлэл хийсний дараа томоохон судалгааны ажил, шинэчлэл, төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хийх шаардлагатай болсон. Тухайлбал, эрчим хүчний реформын олон улсын зөвлөх үйлчилгээ авах, зах зээлийн судалгаа хийх зэрэг олон ажил багтсан. Монгол сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн дэмжих бодлого тодорхой бус байна. Энэ ажил ч мөн дээрх үнийн дүнд багтсан. Цаашид ч суурь судалгаан дээр үндэслэж олон ажил хийхээр төлөвлөсөн гэв.
Үргэлжлүүлэн Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ, эрчим хүчний шилжилтийн эхлэл сайн тавигдсан. Цаашдаа үргэлжлээд явна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хувь хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилт ч эрчим хүчний реформтой шууд холбоотой. Гэхдээ нэг өдөр өргөс авсан мэт хийчихдэг ажил биш. Олон улсад 3-5 жилийн хугацаанд хийгддэг. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хийгээүй ажлыг хийхийг зорьж байна.
Өнгөрсөн аравдугаар сард төсөв хэлэлцэж байх үед ийм саналаа өгсөн нь үнэн. Үүний дараа нэлээд ажил хийсэн, тариф өөрчлөгдсөн, бодлого өөрчлөгдсөн. Зарим УИХ-ын гишүүдэд энэ мэдээлэл очоогүй тул мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байна. Сангийн яамнаас хэвлэл мэдээллийн зардал гэсэн ангилал руу оруулчихсан юм билээ.
Эрчим хүчний үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гаргаж буй. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Тэр маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна. Иргэдэд зөв мэдээллийг өгөхийн тулд бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Бид тролл санхүүжүүлдэггүй. Бидний ирэх жилийн хүсэлт 18 тэрбум байсан, хасагдаж явсаар одоо 11 тэрбум төгрөг. Үүнээс ажлын албаны зардал 11 тэрбум. Энэ бол орон байр, цалингийн зардал. Найман тэрбумаас 500 саяас 1.5 тэрбум төгрөг нь л хэвлэл мэдээллийн зардал болохоос бусад нь суурь судалгаа, зөвлөх үйлчилгээ, бодлогын бичиг баримтын зардал юм. Бие биеэ харддагаа болимоор байна.
Бүх мэдээлэл ил тод, аваад үзэх хэрэгтэй. Улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн ачааллыг авахдаа ердөө 8-10 тэрбумаар зардлаа шийдэж байгаа нь олон улстай харьцуулахад маш бага. Олон улсад бол 6-15 хувь байдаг. Төр гэхээр л зардал багатай байх ёстой гэж хандвал төрийн ажил явахгүй” гэлээ.