Б.Заяабалыг Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зугаалж цэнгэсэн гэх үндэслэлээр шалгаж байсан. Тодруулбал, Татварын албаны бүх албан хаагчийг цуглуулж, хоёр өдөр төсвийн мөнгөөр өндөр зэрэглэлийн амралтын газарт сургалт явуулах нэрийдлээр тансагласан байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр Татварын албаныхан 2022 оны гуравдугаар сард “Тайж ресорт” гэх амралтын газарт цуглаж, сургалт нэрийн дор архидан согтуурсан. Хамгийн ноцтой нь, энэ үеэрээ Татварын албаны зарим даргыг өндөр үнэтэй бэлэн мөнгөөр шагнаж, урамшуулсан. Мөн сугалаа явуулж, хэд хэдэн хүнийг азтай албан хаагч болгосон гэнэ. Азтантай сугалаанд Баянгол дүүргийн хэлтсийн дарга А хурдан удмын даага хожсон. Мөн нэгэн албан хаагч хөөрөг хожсон талаар Татварын албан хаагчид жиг жуг гэцгээж байлаа. Татвар төлөгчдийн мөнгийг зугаалж цэнгэх, азтан шалгаруулах сугалаа болгосон Б.Заяабалд иргэд гомдож, уг үндэслэлээр өргөдөл гаргаж АТГ шалгаж байсан ч ШАЛГАЖ БАЙНА гэж цуурхаад л хариуцлага тооцох бус сурсан зангаараа элээд гаргасан байж магадгүй.
Тэрээр МАН-аас нэр дэвшин сонгуульд өрсөлдөн улмаар УИХ-ын гишүүн болсон нь иргэдийг төлөөлөх бус ашиг сонирхолийн үүднээс төрийн эрх мэдэлд очсон гэж иргэд үзэж байна. Энэ мэт МАН-аас сонгогдсон гишүүдийг иргэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хөнжил дотор нуугдсан, хуулиар халхагдсан дараагийн хулгайчид гэж үзээд байгаа юм.
Эх сурвалж: Ergelt.mn