Сүүлийн үед НИТХ-ын чадамж, бүрэн эрхийн асуудал цөөнгүй хөндөгдөж байна. Ялангуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг хурлаасаа нэр дэвшүүлж, хэлэлцүүлж чадалгүй, намын УЗ-өөс оруулж ирсэн Б.Пүрэвдагвыг автоматаар баталсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Учир нь, аливаа ИТХ тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй юм.
Тэгвэл УИХ-аас зохион байгуулж буй нийслэлийн төсвийн Хяналтын ерөнхий сонсголын эхний өдөр буюу өчигдөр НИТХ-ынхан чихнээсээ хонх уяулж, хэдэнтээ нэрээ цоллууллаа. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ дарга, гишүүнээр ажиллаж байгааг дурдсан.
Харин НИТХ-ын Ажлын албаны дарга энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй хэмээн тайлбарласан юм. Тэгвэл НИТХ -ын бүрэн эрх, хуулиар хүлээсэн чиг үүрэг хийгээд гурваас дээш байгууллагын ТУЗ-ын дарга, гишүүнээр ажилладаг НИТХ-ын 19 төлөөлөгчийн мэдээллийг хүргэе.
НИТХ гэж чухам ямар байгууллага вэ гэдгээс асуудлыг хөвөрдье. НИТХ бол сонгуулийн үндсэн дээр бүрддэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Энгийнээр тайлбарлавал, хотын иргэдийн өөрсдөө сонгож байгуулдаг, нийслэлийн түвшний УИХ. Харин өөрөө удирдах ёс гэдэг бол иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу өөрийн төлөөллийн байгууллага, амьдарч буй орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, чадамжтай байхыг хэлнэ.
Энэ тухай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.1-т "ИТХ нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн" хэмээн заасан байдаг.
Тэгэхээр НИТХ бол нийслэлийн иргэдийн төлөөллийн ардчиллын зарчмыг хангах хамгийн ойр хувилбар байх нь. Бид саналаа өгч сонгосон төлөөлөгчдөө шаардлага тавих, тэднээр дамжуулан нийслэлийн төлөвлөгөөнд саналаа өгч, төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжтой гэсэн үг.
П.Сайнзориг гишүүний "Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс, төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмыг үнэхээр хольж хутгаж байна. Өнөөдөр нийслэлийн асуудлыг УИХ дээр хэлэлцэж байна. Цаашлаад 21 аймгийн удирдлагыг дуудаж, загнадаг хүмүүс болох нь. Бүх асуудлыг УИХ дээр төвлөрүүлж, 126 гишүүн удирдана гэдэг сэтгэлгээнээсээ салах ёстой" гэсэн нь дээрх агуулгыг хөндөж буй.
Түүнчлэн бусад оролцогчдын НИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, нийслэлийн төсөв, төлөвлөгөөг батлахдаа нягталж, өөрөө удирдах байгууллагын зарчмаар шүүж чадаагүй гэдэг шүүмж ч үнэний ортой.
Шинжээчийн дүгнэлт: НИТХ-ын 43 төлөөлөгч нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж нийт 104 суудал эзэлж байна. Эдгээр албан тушаалын 62.5 хувь 19 төлөөлөгчид төвлөрсөн.
5 байгууллагын ТУЗ-д дарга гишүүнээр ажиллаж буй НИТХ -ын төлөөлөгчид:
4 байгууллагын ТУЗ-д дарга гишүүнээр ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгчид:
3 байгууллагын ТУЗ-д дарга гишүүнээр ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгчид: