Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2025.11.04/ Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар товч танилцуулав.Тухайлбал, барилга байгууламжийг бэлтгэх ажлын хүрээнд хурлын байрны суурь дэд бүтцийн явцын тухайд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ таталт бүрэн дууссан, ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгааны сүлжээ таталт болон зогсоолын засварын ажил 45 хувьтай байна. Цаг агаар хүйтэрч дэд бүтцийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тул ажлыг ирэх жилийн 03 дугаар сараас үргэжлүүлнэ. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны 7 дугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж, дуусах боломжтой гэв.
Мөн Талуудын 17 дугаар бага хурал эхлэх хүртэл 285 хоног үлдсэн тул НҮБ-ын стандарт бүхий хурал гэдэг агуулгаар СОР зохион байгуулж байсан туршлагатай олон улсын туслан гүйцэтгэх байгууллагатай хамтарч ажиллах нь эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чухал шаардлагатай зэргийг харгалзан шалгуурт нийцсэн хүсэлтээ илэрхийлсэн гадаадын компанийг сонгон шалгаруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай гурвалсан гэрээгээр ажиллахаар тогтсон гэж байлаа. Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгыг боловсруулах ажлын хүрээнд Үндэсний хорооны Ажлын албанаас боловсруулж буй Олон улсын байгууллагуудаас гадна Булангийн, Европын Холбоо, Африк болон Төв азийн улсуудын сонирхлыг ихэд татан, олон улсын хэмжээнд сайжруулалт хийж буй “Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих”, хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Байгальд суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийн салбарыг бэхжүүлэх санаачилга” зэрэг санаачилгыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж байна.
Монголын талаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн болон олон улсын мэргэшсэн байгууллагууд хамтран Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас олон улсын хэмжээнд танилцуулахаар бэлтгэж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын төслийг боловсруулж эцэслэв. Уг санаачилгаар дамжуулан Монгол Улсад хамгийн багадаа 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцоолол байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон. Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажлын хүрээнд, дээрх гурван санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилт татах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Талуудын 17 дугаар бага хурлын байр, барилга байгууламжийн зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа авахад чиглэж байна гэв. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажилд тодорхой ахиц гарч, нааштайгаар шийдэгдэж байгаа аж.
Түүнчлэн, Талуудын 17 дугаар бага хурлыг сурталчлах, олон нийтэд зөвөөр таниулах, хөрөнгө оруулалтын чиг баримжааг томосгох хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг Тусгай элчээр томилсон нь нэг талаараа Монгол Улсын төрийн бүхий л байгууллагууд ач холбогдол өгч байгааг нотлон харуулах, нөгөө талаар шийдвэр гаргах түвшинд байгаль орчны асуудалд анхаарал хандуулан оролцоог нэмэгдүүлэх болно гэдгийг онцлов. Мөн дотоод хөрөнгө оруулалт, нөөцийг ашиглах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтран “Business4Land” буюу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын санаачилгад үндэсний оролцогч талуудын түншлэлийг баталгаажуулах, улмаар Монгол Улсад бүртгэлтэй байгаль орчны салбарт финтек зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай инновацад түшиглэсэн түншлэлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байгааг мэдээлэлд дурдлаа.
Бага хурлын ерөнхий агуулгын хүрээнд, дэлхийн 197 улс нэгдэн орсон олон талт гэрээ конвенцын шийдвэр гаргах үндсэн хуралдааны агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг зохион байгуулагч улсын Засгийн газар болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран шийдвэрлэдэг гэдгийг сайд онцлоод зарим асуудлуудыг ажлын түвшинд тохиролцоод байгаа гэлээ. Тодруулбал, бага хурлын ерөнхий уриа нь “Эх байгалиа сэргээж, Итгэл найдварыг бадраая” буюу “Restoring Land, Restoring Hope” гэж нэрлэх саналыг дэвшүүлж байна. Үүнтэй холбоотойгоор “Эдийн засгаа сайжруулъя”, “Амьдралыг тэтгэе”, “Усны нөөцийг хамгаалъя”, “Өв соёлоо хадгалъя”, “Эрүүлийг эрхэмлэе”, “Тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлье” гэсэн дэд урианууд “Газрыг нөхөн сэргээж” гэдэг агуулгатай холбоос хэлбэрээр хэрэглэгдэх боломжтой. Ерөнхий уриатай нийцүүлэн 12 өдрийн хурлыг зохион байгуулахдаа зургаан сэдэвт өдөртэй байхаар тогтсон гэж байлаа.