Б.ЖАВХЛАН: Б.ЗАЯАБАЛ ГИШҮҮН ТА ОЛОН ЖИЛ ТАТВАРЫН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАСАН БАЙЖ ТАТВАРЫН БОДЛОГЫГ ДҮР ЭСГЭСЭН БАЙДЛААР БАСАМЖИЛЖ БОЛОХГҮЙ

  • 2024-12-18

УИХ дахь Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Заяабал: Төсөв дагалдуулсан журамд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бол ААНОАТ-т таван жилийн хугацаанд 90 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт байна. Гэтэл татвар талдаа хийдэл үүсгэх цонх харагдаад байгаа юм. Хоёрдугаарт, 5 жилийн хөнгөлөлт манай баруун бүсэд жишээ нь үйлчлэхгүй. ААНОАТ-ын хуулиараа угаасаа Улаанбаатар хотоос 1000 км алсад байвал 90 хувийн хөнгөлөлттэй байгаа. Тэгээд нэг ийм дүр эсгэсэн хөнгөлөлтийн заалт орж ирээд байдаг. Өнөөдөр бүсүүдийг ядуурлын түвшинг авч үзэхэд баруун бүс хамгийн өндөр буюу 36.5 хувьтай байна. Үйлдвэрлэл байхгүй. Худалдаанд суурилсан эдийн засгийн бүтэцтэй. Тиймээс татварын энэ хөнгөлөлтийн заалт хэчнээн ААН-д хамаарна гэж үзэж байгаа юм. Татвараас хэчнээн хэмжээний хэмнэлт тухайн ААН-д үлдэнэ гэж тооцоолсон юм бэ.

Сангийн сайд Б.Жавхлан: Та татварын газрын даргыг олон жил хийсэн хүн. Энэ талын асуудлуудаа уг нь ойлгомоор юм. Бодлогын шилжилтүүд зөвхөн татварын орлогоо дагаж биш зах зээлийг нь дэмжсэн бодлого гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш дүр эсгэсэн байдлаар басамжилж болохгүй. Одоогоор 900 км түүнээс хол зайд алслагдсан газруудад татварын хөнгөлөлт хамаарна гэдэг бодлого өнөөдөр үндсэндээ хэрэгжихгүй байгаа. Зах зээлээс хол учраас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулах нь илүү ашигтай байгаа учраас тийшээ явахгүй байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийн татварын бодлого энэ таталцлыг л тийшээ шилжүүлэх гээд байгаа юм.

Эх сурвалж: UBN.mn