Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2026.2.3/ Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр “Хамгаалалтын захиргаанаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр А85 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах саналыг гаргасан. Үүний үндсэн дээр Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А139 дүгээр тушаалаар тухайн газрын ашиглах эрхийг цуцалсан. Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалттай газрын зэрлэг амьтдад ээлтэй ерөнхий шаардлагад нийцээгүй, хотын стандарт зөрчсөн 1000 орчим метр хашааг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албадан буулгаж, цаашид эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Хашаа буулгах нэгжийн өртөг 1 м.кв тутамд 20 мянган төгрөг бөгөөд нийт 11 мянган метр хашааг буулгаснаар ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарч байна. Тусгай хамгаалалттай газарт хамаарах хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг цуцлах хүртэл шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно.
Нийслэлийн бүс нутаг, Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт нийт 17 буга үрэгдсэн тохиолдол бүртгэгдсэн.
Зэрлэг амьтад хот руу, Туул голын орчимд орж ирж байгааг эерэг зүйл мэт харах нь буруу. Энэ нь уулын бэлчээрийн доройтол, өвс тэжээлийн хомсдол үүссэний илрэл. Нэг үгээр экосистемийн доройтлын дохио юм. Богдхан ууланд олон зүйлийн зэрлэг амьтан амьдардаг. Тэдгээрийг хамгаалах нь бидний үүрэг юм.
Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд газрын ашиглалтын төлбөрт нийт 14 тэрбум төгрөгийн өртэй байна. Газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцно.
Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд аливаа үйл ажиллагаанд шууд хаах, хязгаарлах бус, эхлээд анхааруулах, сэрэмжлүүлэх, шат дараатай арга хэмжээ авах зарчим баримтална. Харин хуульд заасан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд эцсийн арга хэмжээг авах болно. Өчигдөр Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргын зүгээс энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн байсан.
Нийт үрэгдсэн 17 бугын хоёр нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт, үлдсэн нь нийслэлийн ногоон бүсэд эрсдэж үрэгдсэн байна.
Өмнөх жилүүдэд үе үеийн сайд нар тусгай хамгаалалттай газарт отоглох, аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгож ирсэн. Гэвч отоглох зориулалтаар олгосон газарт Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Засаг даргын зүгээс орон сууц, хаус, зочид буудал, үйлдвэр үйлчилгээний барилга барих зөвшөөрөл олгодог. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд нь дотоодын хуулиас давж үйлчилдэг тул энэ хүрээнд Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг Улаанбаатар хотод шилжүүлэх боломжгүй гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын сайдын хувьд албан ёсоор мэдэгдэж байна.
Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт нийт 114 мянган иргэн амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний эрх ашиг хууль эрх зүйн тодорхой бус орчинд байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж, хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн зохицуулалттай болсноор нэг талаас иргэдийн эрх ашиг хамгаалагдаж, нөгөө талаас байгаль орчны тэнцвэр хадгалагдах боломж бүрдэнэ. Байгаль хамгаалал гэдэг олон дайсантай болох, олон хүнтэй үл ойлголцдог. Тиймээс иргэд үүнийг ойлгохыг хүсье” гэлээ.