Байр суурь: Иргэдийн зээлийг бус ББСБ-ын зээлийг хязгаарлах шаардлагатай

  • Эх сурвалж: news.mn
  • -0001-11-30

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арилжааны банкнаас иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж шинэчлэн тогтоосон. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Энэхүү шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах бодлого. Цаашид макро эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо тухай бүрд нь шийдвэр гаргаад явна” гэдгийг онцолсон юм. Зарим эдийн засагч энэ шийдвэр банк бус санхүүгийн байгууллагуудыг дэмжсэн шийдвэр боллоо гэдгийг хэлж байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс “Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг өргөн барьж, ББСБ-уудын зээлийн хүүг бууруулна” гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэ асуудал дээр талуудын байр суурийг хүргэж байна.


“МӨНХИЙН ӨРНИЙ СҮЛЖЭЭНД ОРСОН НЬ НИЙТЭЭРЭЭ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ МАШ МУУ БАЙГААГИЙН ИЛРЭЛ”

Эдийн засагч Б.Лхагважав:

-Ерөнхийдөө хэрэглээний зээл сүүлийн 10 жилд эрс нэмэгдэж, таван их наядын цалингийн зээлийг арилжааны банкууд олгосон. Энэ асуудалд хязгаарлалт тавьж, хэрэглээний зээлийг хумиж байгаа бодлого гэж харж байна. Монгол Улсын 1.2 сая иргэн цалингаараа амьдарч байна. Нэг жилдээ 13 их наяд төгрөгийг цалингийн фонд руу орж байгаагаас таван их наяд буюу 50 хувьд нь арилжааны банкууд дахин хэрэглээний зээл гаргаж байгаа механизм. Хэрэглээний зээл их гарч байгаа учраас ийм хязгаарлалтыг Монголбанкнаас хийж байгаа болов уу. Улсын хэмжээнд нийт цалингийн фондыг авч үзээд тэрний хувиасаа ярих нь зүйтэй. Ний нуугүй хэлэхэд, хэрэглээний зээлийг ямар ч хараа хяналтгүй олгож ирсэн. Цалингаараа амьдарч буй 1.2 сая иргэн урьдчилж цалингаа өрөнд тавьж, өрнөөс өрний хооронд амьдрах гинжин хэлхээнд орсон. Тийм учраас Монголбанкнаас хуримтлалыг өөртөө үлдээх бодлогыг барьж байна. Гэхдээ энэ бол оройтсон шийдвэр. Цалин авч байгаа бүх хүмүүс хэрэглээний зээлийн өрөндөө “баригдаад” удаж байна. Энэ нь өөрөө асуудал болчихоод байна.

Цалин ч бай, тэтгэвэр ч бай ирээдүйн орлогоо урьчилан зээл авч, мөнхийн өрний сүлжээнд орсон нь монголчуудын санхүүгийн боловсрол маш муу байгаагийн илрэл.

Хязгааргүй хэрэглээндээ хязгаартай цалингаа тэр аяар нь өгч байгаа нь маш буруу. Монгол Улсын төсөв ч адилхан. Хамгийн том буруу үлгэр дууриаллыг төр өөрөө үзүүлж байна. Яг нарийндаа улсын төсөв бол өрхийн төсөв гэсэн үг. Монгол Улс өндөр албан тушаалтны хэрэглээнд зориулаад өнөөдөр 35 тэрбум ам.долларын өртэй болчихсон байна. Улсын хэмжээнд санхүүгийн боловсрол маш муу байна. Нийтийн санхүүг хянадаг механизм Монгол Улсын Үндсэн хуульд байдаггүй гэдгийн том жишээ бол энэ. Ер нь мөнгөний зах зээл дээрх тоглогчид өнөөдөр монополь болсон байж магадгүй. Энийг задлах шаардлагатай бол энэ зах зээл рүү олон тоглогчдыг оруулж ирэх хэрэгтэй.

“АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ХУВЬД БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ ХУМИГДАНА”

Эдийн засагч Б.Лакшми:

-Иргэн арилжааны банкнаас шинээр хэрэглээний зээл авахаар хандсан тохиолдолд олж буй орлого нь тодорхой хэмжээнд амьжиргаанд нь хүрэлцэж байх ёстой. Энэ үүднээсээ зээлдэгчийн өр, орлогын харьцааг тогтоодог. Нэг талдаа хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувиар 45 болгож бууруулж байгаа нь зөв. Иргэн нэг сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд энэ орлогынхоо 45 хувиараа зээлээ төлж, үлдсэн 55 хувиа амьжиргаандаа зарцуулна гэсэн үг. Гар дээр нь үлдэж байгаа мөнгө нь таван хувиар ч гэсэн нэмэгдэх юм.

Нөгөө талдаа Монголбанкы энэ шийдвэр арилжааны банкуудын олгож буй хэрэглээний зээлийн шалгуурыг илүү чангаруулж байна гэсэн үг. Жишээлбэл, иргэн 100 сая төгрөгийн зээл авлаа гэхэд эргэн төлөлтийн хувь нь илүү өндөр болно. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнесээ өргөжүүлэх боломж хумигдана.

Зээлийн хэмжээ нь бага ч хугацаа нь урт, өндөр хүүтэй байх зэрэг өөр хөшүүргүүд орж ирнэ. Тийм учраас их хэмжээний орлоготой хүмүүс л хэрэглээний зээлийг авч чадна гэж ойлгох ёстой. Ерөнхий сайдын хэлсэнчлэн мөнгө хүүлэлтийг хууль эрх зүйгээр шууд зохицуулах боломжгүй. Энэ асуудал нь тухайн улс орны зээлжих зэрэглэлээс шууд хамаарна. Тухайн улсын эдийн засгийн эрсдэл хэр өндөр байна вэ, эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ гэх мэт шалгуураар тогтоодог. Монгол Улсад өр, орлогын харьцаа болон хүү өндөртэй байдаг.  Олон улсад зээлийн хүү хамаагүй бага байдаг учраас эрсдэл ч бага байдаг. Тэгэхээр дан ганц хууль батлахаас илүүтэй төр засгийн тогтвортой байдлыг бий болгох нь чухал. Монголбанкны Мөнгөний бодлогын хүүгээрээ тухайн орны эдийн засгийн хөгжил ямар байх вэ гэдгийг тогтоож өгдөг. Бодлогын хүү өнөөдөр арилжааны банкны зээл авах хамгийн доод хэмжээг илэрхийлдэг. Монголбанкнаас бодлогын хүүгээ чангатгана гэдэг нь нэг талаасаа улсын эдийн засаг хүндрэх нөхцөл байдал үүсч байна гэдэг дохиог өгдөг. Харин Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулбал эдий засгийн хувьд эерэг байж, арилжааны банкууд зээл гаргахдаа мөнгөний эргэлтээ сул тавих боломжтой болдог.

“ИРГЭДЭД ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ХЯЗГААРЛАЛТ ТАВИХ БУС ББСБ РУУ ЧИГЛЭСЭН ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ ЁСТОЙ”

Эдийн засагч А.Цагаанхүү:

-Том зургаараа Монголбанкны шийдвэрийг дэмжиж байна. Эдийн засаг хямралтай энэ цаг үед улс зардлаа хэмнэж байгаа шиг ард иргэд хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй. Гэхдээ Засгийн газраас эхлээд Мөнгө хүүлэлттэй холбоотой хуулийн төслөө өргөн барих хэрэгтэй. Яагаад гэхээр өнгөрсөн 2025 онд нийт зээл олголтын 3/2 хувийг банк бус санхүүгийн байгууллагууд олгосон гэдэг дүн гарсан юм. Иргэд яг үнэндээ арилжааны банкны өрийн дарамтад бус банк бус санхүүгийн байгууллагын болон аппликейшны зээлийн дарамтад орсон. Монгол Улсад мөнгө хүүлэлттэй холбоотой шинэ хууль зайлшгүй хэрэгтэй байна. Арилжааны банкны шалгуур хангахгүй байгаа хэрэглэгчид банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй хэрэглээний зээл их авч байна. Монголбанкнаас хэрэглээний зээлийг хязгаарлах шийдвэр гаргахдаа иргэд рүү бус эхлээд банк бус санхүүгийн байгууллагууд руу чиглэж, ажиллах шаардлагатай.

Нийгэмд энэ төрлийн зар сурталчилгаа их явж, ард иргэд шалгуур багатай, өндөр хүүтэй зээл ихээр авч байна. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагуудын өндөр хүү, хэрэглээний зээлийг хязгаарлах ёстой.

Хоёрт, ард иргэдэд санхүүгийн боловсрол хэрэгтэй байна. Төр засгаас энэ чиглэлийн зөвлөмж өгч, санхүүгийн боловсрол олгох шаардлагатай. Монголбанкнаас иргэдэд олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болгон шинэчилж, мөнгөний хатуу бодлогын үргэлжлүүлж байгаа ч зөвхөн арилжааны банкуудад энэ шаардлагаа хэрэгжүүлбэл яг үнэндээ банк бусуудын борлуулалтыг төрөөс дэмжсэн шийдвэр болох юм. Үүнээс гадна бизнесийн чиглэлээр зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн боломжийг хязгаарлана гэсэн үг.

Тийм учраас Засгийн газраас Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төслөө санаачлан өргөн барьж, УИХ-аар батлуулсаны дараагаар хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэвэл иргэдэд ашигтай. Засгийн газар, Монголбанк хоёр харилцан уялдаатай ажиллах шаардлагатай байна.

Мөн арилжааны банк болон Монголбанкинд ажилладаг албан тушаалтнууд ямар нэг байдлаар банк бус санхүүгийн байгууллагатай, хувь хувьцаа эзэмшдэг. Арилжааны банкны хувьцаа эзэмшигчдийн гэр бүлийнхэн нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг байж болохгүй. Арилжааны банкуудын хэрэглээний зээл хумигдахаар эргээд иргэд банк бус санхүүгийн байгууллагын бондыг худалдаж авч, зээлийн чанарыг нь сайжруулдаг. Ер нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус байгууллагын бонд босгох асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарласнаар зээлийн нийлүүлэлт нь багасна. Тэнд хязгаар тавих шаардлагатай. Яг үнэндээ иргэд рүүгээ чиглэсэн хэрэглээний зээлийн хязгаарлалт тавих бус бүтэц буюу банк бус санхүүгийн байгууллага руу чиглэсэн шийдвэрийг гаргахгүйгээр маш харалган шийдвэр гаргаж байна.