Залуу улстөрчийн сайн имижийг гутаагсад

  • Эх сурвалж: eguur.mn
  • 2024-12-24

Гадаадаас ажиллах хүч авах тухай хоёр хууль нэг өдрийн зайтай өргөн баригдаж таарсан. Нэгий нь П.Сайнзориг нарын залуу гишүүд, нөгөөг нь Засгийн газар буюу Л.Энх-Амгалан сайдын зүгээс өргөн барьсан юм.

Харин нийгэмд дуулиан үүсгэсэн нь П.Сайнзориг нарынх. Үүсгэсэн гэхээсээ түрүүлж олны анхааралд өртсөн нь гэвэл зөв.

Шүүмжлэл ердөө амралтын хоёр өдөрт л өрнөв.

Гэтэл даваа гарагт нь хуулийн төслөө буцаагаад татчихлаа.

Энэ хуулийн төслийг өргөн барьсан гишүүд бол,

  • П.Сайнзориг
  • Ж.Алдаржавхлан
  • Н.Батсүмбэрэл
  • Н.Алтаншагай
  • Э.Бат-Амгалан нар юм.

Дотоодын ажиллах хүчний зах зээлээ хамгаалах агуулгаа яривал тэднийх биш Л.Энх-Амгалангийн төсөл илүү халтай, ярих хэлэлцэх зүйл ихтэй боловсруулагдсан.

Харин дээрх таван залуу гишүүн чухам үзэл баримтлалаа сайтар танилцуулж, гадаад иргэдийн эрх зүйн байдал, тоон квот салбар ямар хуулиудаар хэрхэн зохицуулагдаж байгаагаа тайлбарлах ёстой байлаа.

Ярилцлага авъя, тайлбарлаад өгөөч гэж хэвлэлээс хандахад тэднээс хэн нь ч олдоогүй, зугтсан. Галыг ганцхан П.Сайнзориг дээр аваачсан. Адаг сүүлд нь хоёр хуулийн нэг дээр нь анхаарлыг хандуулж байгаад татуулж, Л.Энх-Амгалангийн хувилбарыг хэлэлцэх сценарь луу явчихлаа.

Дээр дурдсан таван гишүүн тавуулаа залуу, шинэ. Бүгдээрээ л боловсролтой, асуудалд гаргалгаатай хандаж чадна. Авчиг нэг удаа хууль санаачлахдаа ийм улстөрчийн харизма байхгүй, бууж өгөмтгий, аль эсхүл улс төрийн сценарьт өөрсдийгөө тавьж өгч ашиглуулсан шинжтэй зогсоо нь харамсалтай байна. Залуу хүмүүсийнх нь хувьд шүүмжлэв.

Г.САНСАРМАА