УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэвтэй Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-УИХ Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. АН-ын бүлэг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр завсарлага авч, мэдээлэл авсан байх. Хуулийн төслийн зорилго, агуулгад ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-Н.Алтаншагай нарын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилсан. АН-ын бүлгийн хурлаар хуулийн төслийг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авлаа. Хуулийн төсөл санаачлагчдын тайлбарлаж буйгаар гадаад зээлээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийг хурдасгахын тулд санхүүжилтийг илүү уян хатан болгож өгөх зорилготой гэж тайлбарлаж байна. Гэхдээ тодорхой хэдэн төслийг сугалж аваад, УИХ-аас тогтоосон төсвийн зарлага, алдагдал, Засгийн газрын гадаад зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эрхийг олгох заалтууд хуулийн төсөлд байгаа. Ингэснээр Монгол Улсын төсвийн тогтвортой байдал, нэгдмэл, иж бүрэн, ил тод, хяналттай байх суурь зарчмуудыг эвдэх аюултай гэж үзэж байна.
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хуулийн төсөлд ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Гишүүд тал талаас нь ярилцаад, шийдвэрээ хараат бусаар гаргах байх. Хуулийн төслийн хүрээнд Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нийслэлийн Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт гурван төслийг ярьж байгаа.
Энэ гурван төслийн одоогийн батлагдсан нийт өртөг 3 тэрбум ам.доллар давна. Цаашид илүү их хэмжээгээр нэмэгдэх магадлалтай. Ийм хэмжээний төслүүдийн санхүүжилтийг төсвөөс гадуур гаргахаар Монгол Улс үндсэндээ хоёр төсөвтэй болно гэсэн үг.
УИХ-аас баталсан нэг төсөв, нэг зардал, нэг алдагдал байдаг. Түүнээс гадуур төслийн санхүүжилт нэрээр маш их хэмжээний зардлын өсөлт, алдагдал бий болно. Гэтэл хууль санаачлагчдын зүгээс үүнийг УИХ-аас баталсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд бэлэн байгаа гадаад зээл хөрөнгийг оруулж ирнэ гэж тайлбарлаж байгаа. Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилт хоцроод, ажил урагшлахгүй байна гэдэг тайлбар хэлсэн. Тэгвэл тогтолцоогоо эвдэхгүйгээр Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зардал болон алдагдлаа нэмээд шийдэж болно. Хуулийн дагуу шийдэхгүй, төсвийн зарцуулалтыг бүх хяналтаас нь гаргах хууль баталснаар Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох эрсдэлтэй.
-Томоохон төслүүдийн зардлыг өсгөнө гэдэг нь гадаад өрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Гадаад өр ямар хэмжээгээр нэмэгдэх бол. Энэ талаар тооцоолол гаргасан уу?
-Асуудлыг олон янзаар тайлбарлаж байна. Жишээлбэл, Газрын тос боловсруулах үйлдвэр дээр 1.7 тэрбум ам.долларын зээлийн гэрээг Энэтхэгийн Эксим банктай хийсэн. Зөвхөн гэрээнд тусгасан санхүүжилтийг ашиглана. Шинээр зээл авахгүй гэдэг тайлбар өгсөн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл дээр БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан 266 сая ам.долларын зээлийн гэрээ байгаа. Уг зээлийн эрхийг ашиглах шаардлагатай гэдэг зүйл ярьж байгаа. Энэ бол өнгөц буруу тайлбар. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүд зөвхөн санхүүжилтээс болж саатсан зүйл байхгүй. Төслийн менежментийн чадавх муу байснаас болж удааширсан.
Газрын тос боловсруулах үйлдвэр дээр менежментийн алдаанаас болж хугацаа алдсаны улмаас 1.2 тэрбум ам.доллар байсан төсөвт өргөг 1.7 тэрбум болж өссөн. Дээрээс нь газрын тос дамжуулах хоолойн санхүүжилт болон Хөгжлийн банкнаас авсан зээл зэргийг нэмээд 2.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Төсөвт өртөг дахиад ч нэмэгдэх хүлээлттэй байгаа. Тэгэхээр тусад нь хууль гарган өгч, энэ зардлуудыг хүлээн зөвшөөрснөөр өр нэмэгдэнэ.
Энэ бүгдийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын ДНБ-ий 10-15 хувьтай тэнцэх далд өр бий болгож, төсвийн тэлэлтийг дэмжих эрсдэлтэй. Нөгөө хоёр төслийн дээр ч ялгаа байхгүй. Хотын орлогч дарга Т.Даваадалай Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн хүрээнд 8500 айлын орон сууц барьж, зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр оруулна. Төсөл дээр 2000 гаруй хүн ажиллаж байгаа. Үүний 1600 нь монгол ажилчин байна. Тэдгээр хүн ажилгүй болох гээд байна гэдэг буруу мэдээллийг УИХ-д өгсөн. Үнэн хэрэгтээ нийслэлээс энэ төслийн санхүүжилт 500 сая ам.долларын бондыг аль эрт босгоод, оруулаад ирчихсэн. Тэр мөнгө банкны харилцах дансанд байршиж байгаа. Мөн нийслэлийн 2026 оны төсөв дээр 1.4 их наяд төгрөг тавьчихсан. Гэтэл төсөл нь 2029 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөтэй. Төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэх нь эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийг санаачилсан нь эхлээд их зардал гаргаж, цаашдаа зардал нь улам ихээр хяналтгүй нэмэгдэх боломж олж авах гэж буйн илрэл. Хуулийн төслийн цаад ач холбогдол нь төсөл хөтөлбөр урагшлуулахдаа биш. Төсвийн нэгдмэл байдлыг алдагдлуулж, хяналтыг тойрч гарах гэсэн л оролдлого.
-Улсын төсвийн алдагдал I улиралд 2026 оны төлөвлөсөн хэмжээнээс давж гарлаа. Төсвийн тодотгол хийх асуудлыг хаа хаанаа хөндөөд эхэллээ. Одоо зардлаа тусгай хуулиар нэмэгдүүлж байхаар төсвийн тодотголтой хамт шийдвэрлэх боломжтой юм биш үү?
-Сангийн яамнаас улсын төсөв 2026 оны I улирлын байдлаар 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан гэдэг мэдээлэл өгсөн. Эхнээсээ алдагдлыг хянах арга хэмжээгээ танилцуулаад эхэлж байх шиг байна. Би 2026 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ гэдгийг төсвийн жил эхлэхээс өмнө хэлж байсан. Өнөөдөр төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн байна. Энэ оны төсөв анх батлагдахдаа өртэй эхэлсэн. Өнгөрсөн 2025 оны төсөв тодорхой хэмжээний өр үлдээсэн. Өнгөрсөн онд төрд бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн компаниуд өнөөдрийг хүртэл мөнгөө олж авч чадахгүй явж байна. 2026 он гараад төсөв төлөвлөснөөсөө хоцроод эхлэхээр цаашаа удаан явах боломжгүй болно. Ийм нөхцөл байдал зах зээлд буруу дохио өгнө. Аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулна.
Тиймээс төсвийн тодотголоо зайлшгүй хийх ёстой. Тодотгол хийхдээ Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслийг яаралтай дуусгахад шаардлагатай хөрөнгө зардлаа суулгаж өгөөд, хуулийн дагуу явуулах шаардлагатай.
Ийм замаар батлагдсан зээлийн эх үүсвэрээ ашиглах боломж нээлттэй. Заавал 2-3 төслийг онцолж аваад, тусгай хууль гаргах гэж байгаа нь Монгол Улсын төсвийн тогтолцоог эвдэх аюултай.