Сэлбэ, Дунд голын эрэг дагуу баригдаж буй үерийн хамгаалалтын далангийн ажил өвлийн хүйтэнд зогсонги байдалд оржээ. Өвлийн цас голын эргийг бүрхэж, талбайг цагаан хөнжил шиг даржээ. Голын дунд хэсэгт овоорсон бетон блокууд нь ажлын гүйцэтгэл хойшилсныг илтгэнэ. Барилгын ажилчдын байрлуулсан туслах байгууламж, жижиг агуулах, техник хэрэгсэл бүгд эзгүй. Улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил саатсанаас талбай зарим хэсэгтээ хогонд дарагдаж, зарим нь машины зогсоол болжээ. Цаашлаад Сэлбийн гүүрний дор орон гэргүй иргэдийн оромж мэт эзэнгүй майхан ч харагдах аж.
Тухайн орчимд амьдардаг иргэд бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгааг өнгөрсөн зуны турш шүүмжилсэн юм. Иргэдийн хэлж буйгаар “Барилгын зураг төслийн зургийг хараад ойр орчмын оршин суугчид Дунд гол үнэхээр гоё болох нь л гэж бодож байсан. Гэтэл одоо ямар байдалтай байгааг та бүхэн бүгд харж байгаа байх. Бид өмнө нь гэрээсээ гараад шууд гол руугаа орж хүүхдүүдээ тоглуулж, салхилуулдаг байсан. Одоо бол гэрээс гараад л цементэн ханатай нүүр тулж байна. Орц гарц байхгүй. Үнэхээр гомдолтой, бухимдалтай байна” гэдгийг учирлаж байв.






























Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа. Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байгаа юм. Тус компани 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэгч “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ч ийнхүү өнөөдрийг хүрсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн үерийн эрсдэл хамгийн өндөр бүсүүдийн нэг болох Сэлбэ, Дунд гол дагуух үерийн хамгаалалтын бүтээн байгуулалт иргэдийн хүлээлт, болгоомжлолыг дагуулсаар хоёр дахь өвлөө угтаж байна.
2023 оны зун үргэлжилсэн аадар борооны улмаас Дунд гол далангаа давж, ойр орчмын орон сууц, аж ахуйн нэгжүүд усанд автсан нь нийслэлийн үерийн хамгаалалтын систем ямар түвшинд байгааг харуулсан.
Тухайн үед хотын удирдлагууд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж, S’Outlet дэлгүүрийн барилгыг буулган, Натурын гүүр хүртэл 1.4 км урт бетонон түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Гэвч анхнаасаа иргэдийн шүүмжлэл дагуулсан энэхүү төсөл товлосон хугацаандаа хэрэгжээгүй. Өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орох ёстой байсан үерийн хамгаалалтын далангийн ажил хойшилсноор, түүний дараах ногоон байгууламж, тохижилтын ажлын явц ч тодорхойгүй хэвээр байна хэмээн иргэд шүүмжилж байгаа юм.












НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн өгсөн мэдээллээр ирэх гуравдугаар сараас Сэлбэ голын тохижилтын ажил үргэлжлэх аж. Тодруулбал, түшиц хана болоод голын голдирол тохируулах ажлын гүйцэтгэл 88 хувьтай байгаа бөгөөд үлдсэн тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэхээр болсон байна.
Тэрбээр “Зэвэрдэггүй ган, 4 мм-ийн зузаантай, 1.2 метр өндөртэй төмрөөр явган замын хашлага хийж байна. Мөн голын хажуугаар гэрэлтүүлэг хийсэн. Малгайвчууд хийсэн. Хашлага, малгайвчийн үлдсэн ажлууд бусад ажилтай уялдан хийгдэж байна” гэсэн юм.
Түүнчлэн тохижилтын ажлыг хариуцах “Силла групп”-ийн төслийн удирдагч Х.Халиун “2025 оны есдүгээр сарын 6-нд үерийн далангийн дотор болон гаднах явган замын тохижилтын ажлыг авсан. Бид гуравдугаар сард дулаарч эхлэхээр ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Тус ажил 50 хувьтай байна” гэх мэдээллийг өглөө.
Эргэн сануулахад, өнгөрсөн 2024 оны зун Сэлбэ, Дунд голын дагуу ургасан бургас модыг зөөх, шилжүүлэн суулгах талаар яриа гарсан даруйд иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, бургас мод, лаг шаврыг цэвэрлэхээр шийдсэн байдаг. Ийнхүү зургадугаар сарын 21-нд “Ривер вилла” хотхоныг барьсан “Эко констракшн” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Акуа гарден”, “АПУ” ХК, “Уран ган” төв зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөн, Сэлбэ, Дунд гол дагуух лаг хагшаас цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажил дуусмагц дээр дурдсан төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ