"Ногоон автобусны" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.
Энэ хэрэгт нийт 24 хүнийг яллагдагчаар татсан. Үүнд Ж.Сандагсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нар багтсан юм.
Тэгвэл хэргийг ирэх аравдугаар сарын 21-ний өдөр шүүхээр товложээ. Гэхдээ энэ нь урьдчилсан хэлэлцүүлэг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 12-нд болсон ч өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй байсанд хойшлуулсан юм.
Улмаар шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх, хязгаарлалт тогтоох,хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Энэ хэргээс үүдэж УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар дахин сонгуульд нэр дэвшсэнгүй. Хэрэг шийдвэрлэгдтэл тэд ямар нэг төрийн, нийтийн албан тушаал хаших нь зохимжгүй. Атал Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ж.Сандагсүрэн НИТХ-ын сонгуульд дэвшчихлээ.
"Ногоон автобусны" гэх хэрэгт Ж.Сандагсүрэнг хамгийн нөлөө бүхий оролцоотой гэж үздэг.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь зориуд чөлөөлж, дараа нь НИТХ-д дэргэдээ татан авч байна.
Г.САНСАРМАА