Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчөөс 15 нь УИХ-ын 9 дэхь удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшжээ.
Тодруулбал, өчигдөр /2024.06.13/ НИТХ-ын ээлжит бус XX хуралдаан болсон ч, ихэнх нь ирээгүй аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй төлөөлөгчид бүгдээрээ нийслэлийн тойрогт өрсөлдөж буй юм байна.
Нэр дэвшиж буй 15 төлөөлөгчөөс зургаа нь дүүргийн Засаг даргын алба хашиж буй.
Хуралдааны ирц тааруу байснаас төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Цаашид НИТХ яаж хуралдах вэ. Тэднийг УИХ-ын сонгуулиар гаргачих гээд бусад нь бас дагаад далдганаад явж байна. Иймэрхүү ирц муутай хуралдах юм бол НИТХ тарах уу" хэмээсэн байна.
НИТХ нийслэлийг бодлогоор хангах ёстой, шийдэл гаргадаг байгууллага. Гэтэл одоо асуудал шийдэх биш ихэнх нь сонгууль хөөгөөд явж буй дүр зурагтай. 45 төлөөлөгчөө удирдан зангидаж, ажлаа явуулах учиртай Ж.Батбаясгалан ч энэ өдрүүдэд юу бодож суудаг бол. НИТХ-д шийдэх олон асуудал бий. Хамгийн эхнийх нь цаг үетэй холбоотой үер, усны асуудал. Энэ жилийн гэнэтийн асуудалд бэлэн үү. Өнгөрсөн зуны гашуун сургамж бидэнд бий.
У.УЯН