Нүүрсэн яндангүй автомашиныг нь журамлахаар болсноо албаныхан мэдээлсэн. Гэвч өнөөдрийг болтол ямар нэгэн арга хэмжээ авч эхлээгүй байна. Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар чуулганы хуралдаан дээр мэдээлэл өгөхдөө “Авто тээврийн техник хяналтын үзлэгийг Зам тээврийн сайд хүсвэл нийслэлд хяналт тавих эрхийг шилжүүлж болно гэдэг зохицуулалт оруулж байгаа. Өнөөдөр хотод авто техникийн үзлэг явуулж байгаа байгууллагуудын 50 хувь нь Авто тээврийн үндэсний төвийн буюу төрийн өмчит компани, 50 хувийг хувийн хэвшил хариуцаж байна. Гарч байгаа нийтлэг зөрчил юу гэвэл, хабрид машины нүүрсэн янданг хууль бусаар импортлочихсон. Үзлэгт орохын өмнө үүдэнд нь 100 мянгаар сууриулуулж, үзлэгт оруулаад тайлж авдаг хууль бус бизнес явж байна. Би сая Зам тээврийн сайд руу бичиг явуулсан. Улсын үзлэгийн газрууд дээр нүүрсэн яндан дээр нь авто тээврийн хэрэгслийн арлын дугаарыг цифрлэж байгаа. Энэ ажлыг цэгцлэх үүднээс салбарын сайд хүсвэл ийм байдлаар явъя.
Дуу чимээ гаргадаг автомашины талаар НИТХ дээр нэр бүхий төлөөөлөгч нар тогтоол гаргаж, иргэдийн хүлцэх хэмжээг тогтоох санаачлагыг гаргасан.
Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа анх камерын нэгдсэн системийн ТЭЗҮ-г боловсруулж, үргэлжлүүлсэн. Энэ систем бүрэн ашиглалтад орж, есөн дэд төв байгуулагдсан. Одоогийн байдлаар 2606 камер бүрэн ажиллаж байна. Өнөөдөр 531.569 тээврийн хэрэгсэл оролцож байгаагаас 86.008 машин орон нутгийнх байна. Мөн 30210 машин татвараа төлөөгүй, 13007 үзлэгтээ ороогүй, 8440 машин 100 мянгаас дээш торгуулиа төлөөгүй, 29007 машин даатгалаа хийгээгүй, 340 мянган зөрчил бүртгэгдэж, 139.6 мянган машины жолоочид мессежээр мэдээллийг хэлж байна. Долоо хоногт дунджаар гурван төрлийн зөрчил дээр 5 сая төгрөгийн торгууль гарч байна.
Бид хянаж чаддаг систем рүүгээ орсон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар орон нутагт орж байгаа торгуулийн орлогын 50-иас доошгүй орлогыг Камерын нэгдсэн системийг өргөтгөх зориулан хууль баталсан. Энэ хууль нийслэлийн төсвийн тодотголоор хэрэгжиж эхэлнэ” гэсэн юм.