“NEWS” агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Тавантолгой ордыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний тээврийн конвейер, бутлуур, ачилтын байгууламж барьж ашиглалтад оруулсантай өнөөдөр /2026..02.08/Ерөнхий сайд Г.Занданшатар танилцав.
500 гаруй уурхайчин, инженерүүд гар бие оролцсоноор энэхүү том бүтээн байгуулалтыг гүйцэтгэснийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо. 12.6 км үргэлжлэх иж бүрэн байгууламж ашиглалтад орсноор нүүрсийг сорчлохгүй олборлож, экспортод гаргах боломжтой болж буй. Тодруулж хэлбэл, сул коксжих нүүрсийг баяжуулаад экспортод гаргаснаар ордыг иж бүрнээр ашиглах юм. Тээврийн зардлыг 70 орчим хувиар бууруулж буй бол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мөн 80 гаруй хувиар бууруулна. Осол эндэгдлийг 100 хувь бууруулж байгаагаараа онцгой ач холбогдолтой төсөл болжээ.
Нэг үгээр хэлбэл, бүтээгдэхүүний өртгийг бууруулж, бүтээмж, ашигт ажиллагааг өсгөх бүтээн байгуулалт болсон байна.
Монгол Улсад анхдагч гэж хэлж болох хамгийн урт 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийн зураг төслийн ажлыг анх 2024 оны нэгдүгээр сард, барилгын ажлыг есдүгээр сард эхлүүлж байсан. Нийт 14 сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.
Конвейерийн систем нь Герман улсын конвейерийн стандарт болох DIN стандартыг нутагшуулж үйлдвэрлэлийн технологид ашигласан бөгөөд жилд 15 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай.
Төв аймгийн Сэргэлэн суманд станц барьж байна

Нэг үе улсаараа эрчим хүчээ хязгаарлуулж, дэглүүлсэн ч ойрын өдрүүдэд харьцангуй тайван өнгөрч байна.
Дээр нь эрчим хүч хуримтлуулах станцыг Төв аймгийн Сэргэлэн суманд барьж, энэ онд ашиглалтад оруулахаар болсон нь мэдээг Улаанбаатар хотын захирагч дуулгасан нь нийслэлийнхний хувьд чамлахаар чанга атга болж буугаад буй.
Засгийн газар шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд дээрх цахилгаан хуримтлуулах станцыг байгуулах юм.
Одоогоор Сэргэлэн дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг барина. Улаанбаатар хотоос энэ сард багтааж эцсийн гүйцэтгэгчийг шалгаруулна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэргэлэн дэд станцыг Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станц болгон хөгжүүлэх нь нийслэлийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах стратегийн чухал ач холбогдолтой гэж мэдэгдээд байгаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сэргэлэн дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит станц байх юм. Мөн Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт-ын батарей хуримтлуурын станцыг барина.
Оргил ачааллын үед эрчим хүчний ачааллаас хуваалцах тус төслийн гүйцэтгэгчийг энэ сард багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлээр шалгаруулна.
Мөн дээрх 90 МВт батарей хуримтлуурын станцыг Сэргэлэн дэд станцтай холбож, дутагдаж буй эрчим хүчний хэрэглээнд бодит хувь нэмрээ оруулна” гэж мэдэгдээд байгаа.
Сэргэлэн дэд станц, 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод эрчим хүчний хомсдол үүсэхгүй нөхцөл бүрдэх онцлогтой гэдгийг албаныхан тодотгосон.
Мөн Засгийн газар, нийслэл хоёр ирэх дөрөвдүгээр сард Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага тавив

Ардчилсан намын нэр бүхий гишүүд өнгөрсөн Пүрэв гаригт 4:11 мэдээллийн цагаараа Боловсролын сайд П.Наранбачрыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт өргөн барьснаа мэдэгдлээ. Ингэснээр Засгийн газрын тэргүүний хувьд хоёр дахь удаагаа Боловсролын сайдыг огцруулах шаардлагыг хүлээн авсан гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн оны зургадугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үндэслэлээр огцруулах шаардлага тавьж байсан ч Ерөнхий сайд хүлээн аваагүй. Харин энэ удаад огцруулах шаардлага тавьсан үндэслэлээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь нэмнэ гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр 177 мянган төгрөгөөр л өссөн нь хорогдол гэж хэлж болохоор залилангийн шинжтэй асуудал боллоо. Зарим нэмэгдлүүдийг “үндсэн цалинд шингээсэн” гэх нэрийдлээр хассан байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Засгийн газрын тогтоолоор олгогдох ёстой нэмэгдлүүдийг үндэслэлгүйгээр тогтоосон. Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас боловсролын салбар системийн хямралд орсон.
Үүний улмаас багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хүүхдийн сурч боловсрох эрх хохирч байна гэж үзэж, дээрх үндэслэлүүдэд тулгуурлан П.Наранбаяр сайдыг огцруулахыг шаардаж байна.
Үйл ажиллагаа, салбараа ойлгодоггүй П.Наранбаярыг огцруулж, ажлаа хийж чаддаг, салбараа ойлгодог хүнээр солихгүй бол боловсролын салбар унаж, доройтож, навсайж дууслаа. П.Наранбаяр сайдын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудыг үзээд гайхсан. Тэрбээр нэгдүгээр сард багш нар амардаг гэх ташаа мэдээлэл өгсөн. Үүнээс харахад салбараа мэддэггүй сайд гэдэг нь ойлгогдсон. Амласан 50 хувийн нэмэгдлийг бодитоор хэрэгжүүл. Хэрэв нэмж чадахгүй бол үүрэг хариуцлагаа хүлээх ёстой” гэсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг дотор ч Боловсролын сайдыг огцрох ёстойг сануулсан гишүүд олон байна.
Харин Засгийн газрын тэргүүн Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах уу, өмнөх шигээ хамгаалаад үлдэх үү гэдгийг ирэх өдрүүдэд хүлээх боллоо.