Гадаа хүйтний эрч улам чангарч, эсрэгээрээ Төрийн ордоны “уур амьсгал” улам төөнөж байна. Угаасаа ч Монголын улс төрийн хамгийн идэвхтэй цаг нь өвөл байдаг. Урьд өмнө нь улс төрийн синдром хавар хөдөлдөгсөн бол өдгөө өвөл болж хувирсан.
Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хооронд “ангал” үүсгэж, олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болсон нэг асуудал нь 2025 оны улсын төсөв.
УИХ-аас хуульд заасан арваннэгдүгээр сарын 15-ны хугацаандаа багтан, 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар баталсанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьснаас хойш олон хүний байр суурь өөрчлөгдөв, баг хуулрав.
Улмаар Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь өмөөрч зогссон төсөвт нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тавьсан хоригийн баяртайгаар хүлээж авсан, бяслагийн үйлдвэр барьж арван хувьтай болох гэсэн Төсвийн байнгын хорооны даргын ой ухаан огцом “өөрчлөгдсөн”, 18 тэрбумаар кино шахах гэсэн Соёлын сайдын шоу гээд улс орноо хөгжүүлж дийлэхгүй ч олон нийтийг уйдаахгүй болохоо манай улстөрчид нотолсоор.
Улсын төсвийн алдагдал, зардлыг хэт тэлснийг шүүмжилсэн нэр бүхий эмэгтэй гишүүдийн нэр хүндийг гутаасан гүтгэлэг, хуурамч мэдээллийг зорилготой, зохион байгуулалттай сэвсэн нь парламентын гишүүдийн дуу хоолойг хорих гэсэн үйлдэл байж болох талтай. Угаас Монголын улстөрд өрсөлдөгчдөө, өөрсдийг нь шүүмжилсэн нэгнээ дуугүй болгохын тулд энэ мэт гүтгэлэг, бохир технологи ашиглах нь энүүхэнд.
Мэдээж, эмэгтэй гишүүдийн нэр төрийг илтэд гутаасан гүтгэлэгт итгэсэн нь цөөн. Олон нийтийн сүлжээнд олон хүн гүтгэлгийг няцааж, эсэргүүцсэн нь бусдыг харлуулах замаар улс төр хийдэг улс төр ч ард үлдэж буйн илрэл ч биз.
Цахим ертөнцөд тарсан гүтгэлгийн талаар нэр бүхий эмэгтэй гишүүд хувийн хаягнаасаа эсэргүүцэж, няцаасан байр суурийг илэрхийлсэн агаад өнөөдөр үүнтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэдний өөрсдийнх нь хэвлэлийн бага хурлаар тайлбарласнаар “Парламтентын түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэж байсан тохиолдол байддаггүй юм байна. Бид анхных нь боллоо. Гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл гэдгийг холбогдох байгууллагууд олж тогтоосон” бололтой.
Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэлцдэг. Нэгэнт худлаа болох нь хууль, шүүхээр тогтоогдсон юм бол өөрсдөө ахин, дахин сэвж, ард иргэдийн ой тойнд суулгах хэрэггүй гэж зөвлөе. Хууль шүүх нь хуулийн дагуу хариуцлага тооцдог юм байгаа биз, харин хууль тогтоогчид нь өдгөө хоригт орсон улсын төсөв дээрээ сайн ажилламаар байна.
Үнэнийг хэлэхэд, улсын төсөв дээр хасалт хийх хангалттай хугацаа УИХ-ын гишүүдэд байсан уу байсан. Хориг тавих хүртэл улс төр хийсэн үү хийсэн. Үнэндээ Ерөнхийлөгчийн тавьсан хориг ҮАБЗ-ийн гуравт гурвууланд нь ашигтайгаар тусч буй. У.Хүрэлсүх хулгай, луйвартай төсөлд хориг тавьсан нь гоё харагдана. УИХ-ын Ерөнхийлөгчийн тавсьан хоригийг хүлээж авсан нь бас гоё харагдана. Харин Л.Л.Оюун-Эрдэнэ Ц.Даваасүрэнгийн Хөвсгөлийн сум болгонд барих бяслагийн үйлдвэрийг хасахад асуудалгүй болно.
Улс төрийн ертөнц бохир, хатуу тоглоомтой. Тиймээс энэ бохир ертөнцөд хөл тавьсан бол “ том мөрийтэй тоглож” байна гэсэн үг. Товчхондоо энэ бохир ертөнцөд эр эм, хөгшин залуугийн ялгаа үгүй, бүгд хатуу тоглоомын дүрэмд хүссэн ч эс хүссэн ч татагдаж орно. Тэр болгонд уйлаад, уруулаа унжуулаад байх уу гэдгийг бодох л асуудал.
Нөгөө хүйсийн давуу байдлаа ашиглан улс төрд орж болох ч, нэгэнт орсон тохиолдолд улс төрийн бохир тоглоомын нэг өрсөлдөгч болно. Хүйсийн ялгаа, хөөрхөн сайхны тухай ойлголт бол зуудугаар асуудал гэдгийг сана.
Б.ШАРХҮҮ