Эдийн засагч Ц.Лут-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны хувьд “Огцрох амархан” жагсаалд хэд дэх өдрөө оролцож байна вэ?
-Би “Засгийн газар огцор” гэдэг үзэл бодлоо илэрхийлж, Сүхбаатарын талбай дээр жагсаад нэг сар гаруй болсон. Залуусын “Огцрох амархан” жагсаалд тав дахь өдрөө нэгдэж байна. Бидний жагсаал өдөр бүр өргөжиж, хүмүүсийн анхаарлын төвд өртөж байна. Зарим улстөрчид жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлж байна.
-Жагсаалд УИХ-ын гишүүд нэгдэж, гарын үсгээ зурсан?
-Эрх барих намын болон сөрөг хүчний намын гишүүд жагсаалд оролцож байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Ж.Золжаргал нар хамтарсан Засгийн газрыг огцруулах шаардлагад гарын үсэг зурлаа. Эрх баригч нам дангаараа засаг барихгүйгээр парламентад суудалтай улс төрийн намууд нийлж, хамтарсан Засгийн газрыг байгуулж байгаа нь буруу. Үндсэн хуулийн бус Засгийн газрыг байгуулсан. Нөгөө талдаа Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэр нь улс орны эрх ашигт нийцэхгүй, хохироож байна. Тиймээс энэ бүгдийг эцэргүүцэж, жагсч байгаа юм.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бямба гаригт албан бус байдлаар тайлбар өгсөн. Ингэхдээ жагсагчдыг ялаа гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэлээ?
-Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хэлэхдээ хүүхдийнхээ тансаг хэрэглээний эх үүсвэрийг ерөөсөө тайлбарлаагүй. Яагаад тэр хүүхэд дөнгөж 20 гаруй настай, ямар нэгэн орлогын эх үүсвэргүй байж, тансаг хэрэглээтэй байна вэ.
Тэгснээ хүүхэд маань тусдаа гарчихсан, хүүгээ сүй тавьсныг сая мэдсэн гэж ярихаар утгагүй, худлаа сонсогдож байгаа.
Хүүхдээ хэнтэй үерхэж, сүй тавьсныг мэдэхгүй байна гэж ард түмнээ доромжилж болохгүй ээ. Дээр нь Засгийн газар огцор гэж шаардаж байгаа хүмүүсийг ялаа гэдэг нь ямар учиртай юм бэ. Тэгвэл баас нь Ерөнхий сайд шүү дээ.
-Таны гаргасан цахим өргөдлийг хүлээж аваагүй гэсэн. Шаардлагын хариу хэзээ гарах бол?
-Парламентын онлайн санал асуулга авдаг Ди-петишин сайт руу Л.Оюун-эрдэнийн Засгийн газрыг огцруулах миний цахим өргөдлийг авахаас татгалзсан. УИХ-ын Тамгын газрын хариу үнэн утгагүй. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг болон наймд заасан УИХ-ын бүрэн эрхийн асуудалд хамаарахгүй байна гэдэг хариулт өгсөн. Тэрийг би ойлгохгүй байгаа. Тэр зүйл заалтыг нь уншихаар УИХ-ын эрхүүд л байгаа.
Нэг бол хуульд заагаагүй үндэслэлээр миний өргөдлийг буцаасан байна. Эсвэл үзэмжээрээ шйдэж байна.
Ямар учраас миний өргөдлийг буцаасан талаарх шаардлагыг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн. Хариу нь 14 хоногтоо багтаж гарах байлгүй. УИХ-ын тухай хуулийн 39.3-т заасан иргэдийн цахим өргөдөл хүлээн авахаас татгалзах таван үндэслэлд нийцсэн эсэх талаар тодруулга авахаар хандсан юм.
Энэ орлогын эх үүсвэрийг шалгаж, тодруулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн.
Ард түмний амьдрал өнөөдөр улам доройтож байгаа учраас хүмүүс жагсч байна.