АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэн будилав

  • Эх сурвалж: news.mn
  • 2024-11-19

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдөр /2024.11.18/-ийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар оролцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын талаар танилцуулга хийсэн юм. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж бүлгийн гишүүд асуулт асууж, сайд нар хариулт өгсөн. Эл мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг пэйж хуудсандаа өчигдөр live-аар байршуулсан ч өнөөдөр устгасан.

Бичлэгийг устгасан шалтгааны талаар сэтгүүлчид Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодруулахад “Ардчилсан намын бүлгийн пэйж дээрх лайв яагаад устгагдсаныг мэдэхгүй байна. Ц.Туваан сайд ахлаад хэлэлцээр явж байгаа. Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Тавантолгой- Гашуун сухайтын хил холболтын төмөр замын  асуудал үнэхээр чухал асуудал. Засгийн газраас баримталж байгаа 14 мега төслийн эхэнд тавигдсан төсөл.

Монгол Улс уул уурхайн орон болчихсон, нүүрс гардаг ганцхан боомттой холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдээллэл өгсөн. Хэлэлцээрийн явцын тухай гишүүдэд мэдээлэл өгөөд явъя гэсэн нь талархууштай. 16 жил шийдэгдээгүй асуудлын талаар мэдээлэл танилцуулагдсан.

Энэ асуудал танилцуулган дээр орж ирэхдээ нууц юм уу, хаалттай байх хүсэлт тавигдаагүй. Ердийн байдалд танилцуулагдана аа гээд танилцуулагдсан. Хаалттай нууц байх шаардлагатай зүйл байгаа гэж танилцуулга хийсэн хүмүүсийн зүгээс хэлээгүй. УИХ-ын шинэ дэгийн тухай хуулиар чуулганы хуралдаан дээр гишүүдийн үг хэлэх эрх хязгаарлагдсан байгаа. Тийм учраас бүлэг дээр “Сайд нар оролцож мэдээлэл өгч байгаа тохиолдолд мэдээллийг олон нийтэд гаргамаар байна” гэдэг санал маш их өгч байсан учраас, мэдээллийн шинж чанартай зүйлийг тавъя гээд явуулсан. Нууц биш байсан ч гэсэн хөрш орны асуудал зэрэг олон асуудал яригдаж байгаа асуудалд гишүүд тал бүртээ анхаармаар байна гэдэг ойлголт өгсөн.

Ерөнхий сайдын хувьд яриа нь богино таслагдахаар агуулга нь алдагдах тал бий. Тэрнээс биш Ерөнхий сайдын зүгээс “Хөрш орнуудтай Монгол Улс гэрээ хэлэлцээрийн төвшинд амласан амлалтаа хэрэгжүүлж байх ёстой. Тэр тусмаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ёстой” гэдэг зарчмын байр суурь илэрхийлсэн” гэв.

О.Цогтгэрэл даргын хувьд бүлгийн гишүүдийнхээ хүсэлтийг хангасан том дарга болж тодрох гэсэн ч мэдээлэл нь хөрш оронтой холбоотой асуудал болж таарснаар эрх баригч намын даргаас жавтий хүртсэндээ бичлэгүүдээ устгаж, гэмээ цайруулав уу гэх хардлагыг дагуулаад байна.

Бүлгийнх нь пэйж хуудсанд тавигдсан мэдээлэл яагаад устгагдаж байгааг мэддэггүй лойчихсон дарга ч гэж юу байх вэ дээ.

Г.ХОРОЛ